ГХЯ: ОХУ-д болсон дэлбэрэлтэд манай улсын иргэн өртөөгүй
ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархадсан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Хэргийн газарт сэжиг бүхий өөр нэг цүнх орхисон байсан бөгөөд тэсрэх бөмбөг байсныг мэргэжлийн баг аюулгүй болгосон байна. Харин уг дэлбэрэлт болсон газар монгол иргэд байсан талаар ГХЯ-наас тодруулахад "Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно.
Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байна" гэв.