Путин: Сирид энх цагийг авчрах болно
“Казакстаны Астана хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 13.00 цагт Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээр эхэлнэ” хэмээн тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Уг уулзалтад ОХУ, Иран, Туркийн удирдлагууд болон НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Де Миструа Стаффан, АНУ-аас Казахстанд суугаа бүрэн эрхт Элчин сайд Жорж Крол оролцох гэнэ. “Сирийн Засгийн газрын төлөөлөгч оролцоно” гэх мэдээллийг Москва өгчээ.
Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэхүү уулзалтыг удирдан явуулах юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэвлэлийнхэнд мэдээлж “Эхний шатанд бид Сирид гал зогсоох хэлэлцээрийг байгуулахаар зорьж байна. Сирид энх цагийг авчрах болно” гэж хэлжээ.
Женев хотноо өнгөрсөн онд Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээрийг хэд хэдэн удаа зохион байгуулсан ч хуралдаанд оролцосон удирдагчид ямар ч шийдэлд хүрч чадаагүй билээ.
Сирид дэгдсэн иргэний дайны уршгаар 300 мянган хүн амиа алдаж, 11 сая хүн дүрвэжээ. Мөн тус улсад исламын улс тэргүүтэй олон террорист бүлэглэл хяналтаа тогтоохоор өнөөг хүртэл тэмцэж буй юм.