Бээжинд 250 нислэг хойшлогдоод байна
Хэт их утаа униар үүссэний улмаас Бээжин хотын “Шоуду” олон улсын нисэх онгоцны буудлаас үйлдэх 250 нислэгийг хойшлуулсан тухай “Сина” портал мэдээллээ.
Нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдэгдсэнийг үзвэл, нислэгээ хүлээж буй зорчигчдод халуун хоол ундаар үйлчилж, нислэгийн хуваарьт орсон өөрчлөлтүүдийн талаар цаг тухайд нь мэдээлж байгаа ажээ.
Хэт их утаа униар үүссэнтэй холбоотойгоор Бээжин хотын захиргаа 6 дугаар тойрог замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан байна.
Хотод агаарын бохирдол хэт ихэссэн гол шалтгаан нь олон тооны үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоос гадна галлагааны улирал эхэлсэн үед нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд болон бойлерууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь нөхцөл байдлыг маш хүндрүүлдэг.
Өнөөдөр Бээжин хотод орон нутгийн цагаар 14 цагийн үед утааны найрлага дахь хүний биед хортой ПМ-2,5 гэдэг хатуу бодисын эгэл жижиг хэсгүүд 1 куб/метрт 450 микрограмм байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар, ПМ-2,5-ийн хэмжээ 1 куб/метрт 25 микрограммаас ихгүй байгаа нөхцөлд хүний биед аюулгүй ажээ.
Х.Сарнай