Хятад улс дэлхийн 2 дах том гангийн компани байгуулна
БНХАУ-ын Засгийн газар тус улсын "Baosteel" групп болон "Wuhan Steel" компаниудыг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. “Baosteel” групп нь “Wuhan Steel” компанийн нийт хувьцааг 3 тэрбум юань буюу 540.1 сая ам.доллараар худалдан авч байгаа юм.
Хоёр компанийн шинэ нэгдэл “Baowu Iron and Steel” группийн 52.1%-ийг Baosteel групп, 13,48%-ийг Wuhan Steel компани тус тус эзэмших бөгөөд үлдсэн хувь Хятадын төрийн мэдэлд очих аж.
“Baowu Iron and Steel” нь жилд 60 сая тонн гангийн үйлдвэрлэлээрээ Хятад улсдаа тэргүүлэх компани болж байгаа юм. Ингэснээр Хятадын төрийн эзэмшилтэй тус компани дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч “ArcelorMittal” компанийн дараагаар орж байна.
"Baosteel" групп нь 2015 онд нийт 36.11 сая тонн гангийн үйлдвэрлэлээрээ БНХАУ-д хоёрдугаарт, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Гэхдээ группийн цэвэр ашиг 83 хувиар буурч нэг тэрбум юань буюу 150 сая ам.долларын ашиг олжээ.
"Wuhan Steel" компанийн хувьд өнгөрсөн жил 26 сая тонн ган үйлдвэрлэж улсдаа зургаа, дэлхийн хэмжээнд арваннэгдүгээрт орсон байна. 2014 онд 1.3 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан бол 2015 онд 7.5 тэрбум юанийн алдагдал хүлээжээ.
Хоёр том компанийн нэгдэх үйл явц нь Хятад улсын гангийн жижиг үйлдвэрүүдийг хааж, өнөөгийн 1.2 тэрбум тонн гангийн үйлдвэрлэлийг 2020 он гэхэд 100-150 сая тонноор бууруулахаар “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд тусгасантай холбоотой юм.