Тайландад төрийн эргэлт гарч байна
Энэ сарын 22-ны өдөр Тайландад төрийн эргэлт гарлаа. Тус улсын Явган цэргийн командлагч, генерал Прают Чан-Оча төрийн эргэлт хийснээ зарлаж, цэргийн тал засгийн газрын эрхийг хүлээн авсан. Энэ өдрөөс Үндсэн хуулиа хэрэгжүүлэхээ больж, түр засгийн газрыг тараахаа мэдэгдсэн байна.
Энэхүү болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэрээр телевизээр үг хэлэхдээ, улс орондоо дэг журмыг сэргээн, улс төрийн шинэчлэл хийхээ амалсан байна.
Мөн "Бүх радио, телевиз, кабелийн болон хиймэл дагуулын станци нэвтрүүлгүүдээ цаашид зогсоож, харин цэрэг, армийн шинж чанартай нэвтрүүлэг цацах ёстой" гэж мэдэгджээ. Улс оронд таваас илүү хүний улс төрийн уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосны зэрэгцээ хоригийг зөрчсөн хүнд нэг жилийн хорих ял оноох, эсвэл ойролцоогоор 300 ам.доллараар торгох юм байна.
Өнөөдрийн байдлаар тус улсын сенат болон бие даасан байгууламж эрхээ хэрэгжүүлсээр байгаа аж. Тайландын орон нутгийн цагаар 17.00 цагт Прают Чан-Оча үндэсний телевизээр хэлсэн үгэндээ, олон хүн амь үрэгдэж, байдал хурцдахаас зайлсхийхийн тулд төрийн эргэлт хийхээр шийдсэн гэжээ.