БНХАУ-ын гадаад валютын нөөц 7.08 тэрбум ам.доллараар өсчээ
Юанийн ханш суларч, гадаад валютын нөөц сэргэхтэй зэрэгцээд БНХАУ-ын экспортын өсөлт саарсан байна. Дөрөвдүгээр сарын байдлаар БНХАУ-ын гадаад валютын нөөц 7.08 тэрбум ам.доллараар өсч, 3.22 их наяд ам.доллар болсон талаар тус улсын Ардын банкнаас мэдээллээ. Харин экспорт юаниар тооцоолбол 4.1 хувиар өсч, ам.доллараар тооцоолбол 1.8 хувиар буурсан талаар БНХАУ-ын Гаалийн байгууллагаас мэдээлсэн байна. Импортын хувьд ам.доллараар тооцсон үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, гадаад худалдаа нь 45.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. “Тус улсын эрх баригчдын хувьд дахин мөнгөний бодлогоо тэлэхээс өмнө нөхцөл байдлыг харзнаж байна” гэж шинжээчид дүгнэлээ. Түүнээс гадна энэ онд БНХАУ-ын эдийн засаг 6.5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа юм. Худалдааны үзүүлэлтэд юанийн ханшийн нөлөө их байгаа аж. БНХАУ-ын гадаад валютын нөөц 2014 оны зургадугаар сард 4 их наяд ам.доллар байсан бол мөнгөний бодлогоо зөөллөсний дараа 19 хувиар буурсан байна. Түүнээс хойш анх удаа сэргэж байгаа ажээ. Олон улсын зах зээлд юаньд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэхээс татгалзсаар байгаа явдал юм. БНХАУ-ын Төв банк юанийн ханшийг тогтвортой байлгахаар зорьж байна.