Шинзо Абэ, Путин нар Сочи хотод уулзлаа
СОЧИ. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Сочи хотод уулзаж, хоёр улсын хооронд урт хугацаанд өрнөж байгаа газар нутгийн маргааныг зохицуулах арга хэмжээг шинэчилж, найрамдлын гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Гурван цаг үргэлжилсэн хоёр талын уулзалтын үеэр хоёр удирдагч хоёулахнаа орчуулагчдын хамт 30 минутын уулзалт хийсэн байна. Мөн тэд хоёр орны төлөөлөгчдийн хамт оройн зоог барьжээ.
Япон, ОХУ хооронд найрамдлын гэрээ байгуулах болон Хойд газар нутгийн асуудлыг зохицуулах хэлэлцээг үргэлжүүлэх арга хэмжээ авахыг Абэ уриалсан байна. Хойд газар нутаг нь ОХУ-ын хяналтад байдаг дөрвөн арлаас бүрдэх бөгөөд эдгээрийг Япон газар нутгийнхаа салшгүй нэгэн хэсэг гэж үздэг билээ. Тус улсын мэдэгдснээр, ОХУ дэлхийн II дайны үед эдгээр арлуудыг булаан авсан байна. Энэ асуудлаас болж хоёр улс дэлхийн II дайны дараа найрамдлын гэрээ байгуулж чадаагүй юм.
Хоёр талын харилцан айлчлалыг дэмжих замаар “тохиромжтой цаг үе”-ийг бүрдүүлж, улмаар Ерөнхийлөгч Путиныг Японд айлчлал хийлгэхийг оролдоно гэж Шинзо Абэ мэдэгджээ.
Харин Ерөнхийлөгч Путин эдийн засгийн асуудалтай холбогдуулан, Япон-ОХУ-ын харилцааны чухал хэсэг бол бизнесийн холбоос юм гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, хоёр улсын хооронд улс төрийн санал зөрөлдөөн байгаа хэдий ч ОХУ-д хөрөнгө оруулалт хийх Японы компаниудыг таатай хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэв.
Хоёр удирдагч ирэх есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод болох Олон улсын эдийн засгийн форумын үеэр дахин уулзалт хийхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ хоёр улс найрамдлын гэрээний тухай хэлэлцээг ирэх сард хийхээр товложээ.
Долоодугаар сард болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт гэх мэт олон улсын бага хурлууд шил шилээ даран болох гэж байгаатай холбоотойгоор хоёр талын уулзалт хийж байхаар тэд тохиролцжээ.