Солонгосын хойгт орших зөрчилт хоёр хөрш улсын албаныхан өнөөдөр /II.12/ дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байна. Хоёр Солонгосын албаныхан дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулах болон БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын асуудлуудаар зөвлөлдөх юм. Албаныхны дээд хэмжээний уулзалтыг БНСУ-н талаас Ерөнхийлөгч Пак Кын Хегийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх тэргүүлэх бол БНАСАУ-ын төлөөлөгчдийг Хөдөлмөрийн намын дээд албан тушаалын эрхэм Вон Тон-ён ахлах аж. Энэ нь Хойд болон Өмнөд Солонгосын албаныхан 2007 оноос хойш анх удаа зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалт юм.
АНУ болон Өмнөд Солонгос нь ирэх гуравдугаар сард хамтарсан цэргийн сургуулилт явуулахаар зэхэж буй нь Хойдын эгдүүцэл, бухимдлыг төрүүлээд буй. Үүний хариуд Хойд Солонгосын талаас дайнаар салсан гэр бүлүүдийг уулзуулах асуудлаар шантаажлан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлуулахыг эрмэлзэж буй билээ.