Путин 3 цаг 39 минутын хугацаанд 80 орчим асуултад хариулжээ

2016 оны 4 сарын 15

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 14 дэх удаагаа ард иргэдийнхээ асуултад хариуллаа. Тэрбээр 3 цаг 39 минутын хугацаанд 80 орчим асуултад хариулжээ.

“Шууд нэвтрүүлэг”-ийг телевизийн "Первый", "Россия 1" болон "Россия 24" суваг, "Маяк", "Вести FM", "Радио России" радио станцууд дамжуулсан байна. Оросын иргэд телефон утас, нэвтрүүлгийн цахим хуудас, дүрс бичлэг, цахим зурвасаар асуултуудаа тавьжээ. Энэ жилийн хувьд иргэд “ВКонтакте” тусгай сүлжээгээр дамжуулан асуултаа тавих боломж гарч ирсэн нь шинэлэг зүйлүүдийн нэг байлаа.

Путин 2013 онд 4 цаг 48 минутын турш иргэдийн асуултад хариулж байсан нь түүний “Шууд нэвтрүүлэг”-ийн хувьд хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Өнгөрсөн онд тэрбээр иргэдтэй  3 цаг 55 минутын турш харилцаж байсан нь 2014 оныхоос хэдхэн минутаар бага хугацаа аж.

“Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлэгт оролцогчдын хэлэлцүүлэг нэвтрүүлэг дуусах мөчид сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлын сэдэв рүү хазайсан байна.  Тухайлбал, Оросын Ерөнхийлөгч Үндэсний гвардыг байгуулсан учир шалтгааныг дахин тайлбарлажээ. Ингэхдээ тэрбээр энэ шийдвэр нь хуучин бүтцэд итгэх итгэл алдарсантай холбоогүй гэдгийг онцлон дурдсан байна.

Уулын Карбахын мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлвийн талаар мөн асуужээ. Дөрөвдүгээр сарын эхээр бүс нутагт хүчирхийлэл дахин дэгдсэнд Путин харамсч буйгаа илэрхийлээд, Москвагийн хувьд Армен, Азербайжан хоёр хоёулаа стратегийн түншүүд учраас мөргөлдөөнийг зохицуулахад нь талуудад туслахын тулд ОХУ боломжтой бүхнийг хийхэд бэлэн байгааг мэдэгдлээ.

Энэ удаагийн нэвтрүүлгээр мөн хүүхдүүдийн асуултуудад хариулжээ. Хүүхдүүд энэ удаад ерөнхийлөгч болохын тулд ямар сургуульд суралцах вэ, ОХУ-ыг эмэгтэй хүн удирдах эсэхийг сонирхсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31725
0 эможи
keyboard_arrow_up