Оросууд Сирийн ажиллагаанд хичнээн мөнгө зарцуулсан бэ?

2016 оны 3 сарын 24


Оросын РБК мэдээллийн агентлагийн тооцоолсноор ОХУ Сирид явуулсан цэргийн ажиллагаанд багаар бодоход 38 тэрбум рубль (1,15 их наяд төгрөг) зарцуулсан гэжээ.
Нэг өдрийн зардал

РБК агентлаг Оросын Батлан хамгаалах яамны материал, шинжээчдийн тооцоон дээр үндэслэж оросууд Сири улсад 167 хоног цэргийн ажиллагаа явуулахдаа нэг өдөр зарцуулах мөнгө анх төлөвлөснөөс бараг 1,5 дахин өссөн гэж таамаглаж байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын төгсгөл гэхэд нэг өдрийн цэргийн ажиллагааны зардал 153,3 сая рубль (4,6 тэрбум төгрөг) байжээ. Энэ тоог гаргахад байлдааны нислэгүүд, цалин, цэргүүдийн нэг хоногийн хэрэгцээ, ачаа тээвэрлэлт, унааны зардлыг тооцжээ.

Ажиллагаа эхэлснээс хойш Оросын онгоц 50 байснаа 70 болон өсч, Сирийн Хмеймим хээрийн онгоцны буудалд Оросын орчин үеийн байлдааны онгоц болох Су-35, пуужингийн довтолгоог  эсэргүүцэх хороо нэмэгдэж ирсэн. Ингэснээр нэг өдрийн ажиллагааны зардал ойролцоогооор 230 сая рубль (6,9 тэрбум төгрөг) болжээ. Ингэснээр Сирийн ажиллагааны нийт зардал 38,4 тэрбум рубльд ойртсон байна.

Bloomberg 2015 оны 12 дугаар сард Оросын Засгийн газрын эх сурвалжаас иш татаж Сирийн ажиллагааны нэг өдрийн зардал 3,28 сая ам.доллар зарцуулдаг гэж байсан нь РБК-ийн тооцоотой бараг нийцэж байгаа юм.
Нислэгийн зардал

Цэргийн ажиллагааны үндсэн зардлыг байлдааны нислэгүүд эзэлж байна. Нийт ажиллагааны явцад Оросын олон үйлдэлт бөмбөгдөгч Су-34 и Су-24 онгоцууд, довтлогч Су-25 зэрэг онгоцууд 8659 удаа байлдааны нислэг үйлджээ. Эдгээр нислэгийн зардал ойролцоогоор 33,7 тэрбум рубль болсон РБК мэдээлжээ.

Сирид үйлдсэн байлдааны нислэгүүдийг ойрын, дундын, алсын гэж хуваана. Албан ёсны тайлангуудаас харахад нийт нислэгийн 80 орчим хувь нь ойрынх байжээ. Ийм нислэг хамгийн ихдээ 40 минут үргэлжилдэг. Харин дунд болон алсын нислэгийн хугацаа 1-1,5 цаг байдаг. РБК-ийн шинжээчдийн тооцоолсноор нэг удаагийн ойрын нислэг 3,5 сая рубль (106,5 сая төгрөг), холын нислэг 5,5 сая рубль (166,6 сая төгрөг) болжээ.

Хоёр дахь том зардал бол далавчит пуужингуудаар харвах ажиллагаа. Ажиллагааны явцад нийтдээ “Калибр” нэртэй 48 пуужинг ашиглажээ. Нэг пуужинг хөөргөх зардал шинжээчдийн тооцоолсноор хамгийн багадаа 750 000 ам.доллар (783 сая төгрөг) болжээ.
Бусад зардал

Ажиллагааны явцад Оросын гурван нисгэгч амиа алдсан. Тэдний ар гэр тус бүрд гурван сая рублийн (90 сая төгрөг) нөхөн олговор өгсөн. Түүнээс нэг бөмбөгдөгч Су-24, Ми-8 нисдэг тэрэг сөнөсөн. Forbes сэтгүүлийн тооцсоноор бараг 1,5 тэрбум рубль (45 тэрбум төгрөг) болжээ.

Оросын чухам хичнээн цэрэг Сирид байсан нь тодорхойгүй. Өнгөрсөн оны сүүлээр Оросын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр Сирид Оросын 1600 цэрэг очжээ. Харин Reuters агентлаг өөрийн эх сурвалжаас мэдээ авч 4000 гэж мэдээлсэн. Батлан хамгаалах яамны тушаал ёсоор гадаадад цэргийн ажиллагаанд оролцсон цэргийн ажилтанд нэг өдөр 18,6 ам.доллар зарцуулах ёстой. Ингээд тооцоод үзэхэд хамгийн ихдээ нийт цэргийн зардал 800 сая рубль болсон тухай РБК мэдээлэв.

Түүнээс гадна цэргийн тээврийн зардал ойролцоогоор нэг тэрбум рубльд (30,3 тэрбум төгрөг) хүрчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30545
0 эможи
keyboard_arrow_up