Путин: Шаардлагатай бол Сирид цэргээ дахин оруулна
Энэ сарын 15-аас эхлэн ОХУ Сири дэх цэргийн гол бүрэлдэхүүн хэсгийг гаргахаар шийдвэрлэж, агаарын хүчин ээлж ээлжээр нутаг буцсан билээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин таван сар хагасын хугацаанд Сири дэх агаарын ажиллагааны талаар дүгнэн хэлэхдээ хэрэв шаардлагатай үе урган гарвал бид Сирид цэргээ хэдхэн цагийн дотор буцаан оруулна хэмээсэн юм.
Мөн Сири дэх ОХУ-ын бааз маш сайн хамгаалалттай байгааг нэмж хэлжээ.
“Мэдээж хэрэг, шаардлага гарсан тохиолдолд бид цэргээ хэдхэн цагийн дотор Сирид буцаан оруулна. Гэхдээ цэргийн хүч бол бидний сонголт биш юм. Бид энх тайван бүрдэх нөхцлийг бий болгосон. АНУ болон зарим оронтой ажил хэрэгч, эерэг, хамтын ажиллагааг үүсгэсэн. Мөн олон жилийн мөргөлдөөнийг дуусгавар болгож, улс төрийн шийдэл олохыг чин сэтгэлээсээ зорьж буй Сирийн сөрөг хүчинтэй нэгнээ хүндэтгэж ажилласан. Та, Оросын цэргүүд энэ хүртэлх замыг барьсан” хэмээн терроризмын эсрэг таван сарын кампанит ажиллагаанд оролцсон цэргүүдэд хандан Путин хэлсэн юм.
Мөн ОХУ-ын агаарын хүчний тусламжтайгаар Сирийн цэргүүд террористуудтай тэмцэж, алдаад байсан нутаг дэвсгэрээ буцаан авч буйг дурдсан юм.
Сири дэх терроризмын эсрэг ажиллагаанд Орос улс 480 мянган доллар зарцуулсан бөгөөд санхүүжилтын ихэнх нь 2015 оны цэргийн сургуулилтанд зориулж баталсан Батлан хамгаалах яамны төсөв байсан гэдгийг Путин хэлсэн байна.
Пүрэв гарагт Путин Сири дэх ажиллагаанд амиа алдсан дөрвөн хүний бэлэвсэн эхнэрүүдэд эр нөхрийнх нь гавьяа шагналыг гардуулжээ.
Путин агаарын ажиллагааны үеэр дөрвөн цэрэг амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
“Энэ танхимд... террористуудын эсрэг тулаанд өөрийн амиа өргөсөн цэрэг эрсийн гэргий нар байна. Амиа алдсан бидний ахан дүүс эцсээ хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. Тэдний эр зоригийг бид үргэлж санан дурсах болно. Тэд жинхэнэ эр хүн, шилдэг цэргүүд байсан юм” хэмээн Путин амиа алдсан цэргүүдийн нэрсийг дууджээ.
Олег Пешков, Александр Позинич, Иван Черемисин, Федор Зуравлев нарын гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.
Өнгөрсөн 10-р сард ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас тав дах Орос цэрэг нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Вадис Костенко хэмээх цэрэг амиа золиосложээ.
Сүүлд Путины хэвлэлийнн төлөөлөгч Дмитрий Песков Орос улс Сирид таван цэргээ алдсан гэдгийг “Ройтерс” агентлагт мэдээлжээ.