Бээжин хот агаарын бохирдолтой тэмцэхэд 16,5 тэрбум юань зарцуулна
Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа энэ онд утаатай тэмцэх, агаарын чанараа сайжруулахад 16,5 тэрбум юань, өөрөөр хэлбэл 2,6 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байна. Манай урд хөрш Хятадын нийслэл Бээжин хотод өнгөрсөн онд анх удаа агаарын бохирдлын улаан өнгийн түгшүүр зарласан. Энэ түгшүүрийн хүрээнд зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, хувийн автомашинуудыг тэгш сондгой дугаараар нь ангилж, хөдөлгөөнд оролцуулж байсан юм.
Гэхдээ агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Хятадын эрх баригчид эдгээр түр журмаас гадна удаан хугацаанд ямар бодлого төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь олон улсын анхаарал татсан сэдэв юм. Албаны хүний өгсөн мэдээллээр, энэ онд агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн 2,6 тэрбум долларын хөрөнгийг нүүрсний хэрэглээг бууруулах, хуучирсан автомашинуудыг ашиглалтаас гаргах зэрэгт зарцуулах юм байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн онд тус хотод хоёр ч удаа улаан түгшүүр зарласныг үл харгалзан агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 6,2 хувиар буурсан гэдэг тоон мэдээг Бээжин хотын байгаль хамгаалах товчооноос гаргасан байна. Улмаар энэ онд ийм тоосонцрын хэмжээг дахин 5 хувиар бууруулах зорилтыг Бээжин хотын захиргаа дэвшүүлжээ. Энэ хүрээнд хорт хий ихээр ялгаруулдаг 200 мянга орчим автомашиныг ашиглалтаас гаргаж, 400 орчим хот тосгонд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 21 гаруй сая хүнтэй Бээжин хотод 5,6 сая автомашин бүртгэлтэй байдаг юм.