В.Жириновский: Хониор өрөө барагдуулах Монголын саналыг бид хүлээж авах ёстой байсан юм
ОХУ-ын Улсын Думын өнгөрсөн баасан гарагт болсон нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн өрийн 97 хувийг чөлөөлөх тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ.
Ингэснээр Монголын тал 174.2 сая ам.долларын өрөөс чөлөөлөгдөж байгаа юм. Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн 385 депутатаас 47 депутат л эсрэг санал өгчээ.
Хэлэлцээр ёсоор гурван хувийн өр буюу 3.8 сая ам.долларын өрийг л төлөх үлдэж байгаа юм. Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал Монгол улс үлдэгдэл 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх ёстой аж.
Төрийн Думын депутатуудын гаргасан энэхүү шийдвэрийг ЛДПР буюу Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский эрс шүүмжиллээ. Тэрээр Ленинээс өнөөг хүртэл төр барьж буй улс төрчдийг шүүмжилж, ямар ч авьяасгүй хэмээн нэрлэсэн байна.
“Монгол олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу зээлээ зөвхөн Орост л төлдөггүй. Гэтэл Хятадад бага багаар ч гэсэн зээлээ төлдөг. Монголын Засгийн газар бартераар буюу бараа солилцоогоор өрөө төлөхөд бэлэн байсан. Монголд өвлийн хүйтэнд хөлдөхдөө тулаад байгаа 30 сая хонь бий. Тэгвэл манай Өвөр Байгал бүс нутгуудад ямар ч хонь байхгүй бүгд үрэгдсэн. Хониор өрөө барагдуулах Монголын саналыг бид хүлээн авах ёстой байсан. Гэтэл Хөгжлийн сайд бидэнд хонь биш валют хэрэгтэй гэх юм. Валют байхгүй орноос юугаа авах юм бэ? Тэгээд ч тэр валютаар дараа нь өөр улсаас мах худалдаж авна. Засгийн газрын гишүүд бизнес хийж мэдэхгүй" гэж хэлсэн юм. Тэрээр үгээ цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч цаг дууссан учир микрофоныг нь хаажээ.
Үүний хариуд ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак "Монголын талаас мах авах нь асуудалтай. Учир нь Монголд малын халдварт өвчлөл түгээмэл гардаг. Зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд ОХУ-аас Монгол руу хоёр удаа вакцин илгээж байсан" гэлээ.
Сануулахад хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 29-нд буюу баасан гарагт болно.