ОХУ бүсээ чангална

2016 оны 1 сарын 15

Газрын тосны үнийн уналтын саяхны үйл явдлын дараахан, орлого буурах хэтийн төлөвтөө тохируулан ОХУ төсвийн зардлаа 10 хувиар багасгахаар болов.

 

ОХУ-ын яамд, Засгийн газрын холбогдох хэлтэс нийт 700 тэрбум рублийн (есөн тэрбум ам.доллар) зардлыг төсвөөс танах төлөвлөгөөг баасан гараг гэхэд боловсруулж дуусгахаар ажиллаж байгаа талаар гурван ч яамны албаны хүмүүс баталж байгаа юм.

Сүүлийн хоёр жил дараалан унаж буй газрын тосны үнээс шалтгаалан ОХУ төсвөө эргэн харахаар болж байна. Энэ нь Москва таваарын экспортоос хамааралтайг тод харууллаа.

Brent газрын тосны үнэ баррель нь 37 ам.доллар болж хямдарсан арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Дмитрий Медведевийн зарласан хуралдааны үеэр төсвийн зардлыг 10 хувиар багасгахаар тус улсын Засгийн газар анх шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш үнэ үл ялиг өссөнөө дахиад 20 хувиар унаж, 30.43 ам.доллар болсон нь 2004 оны дөрөвдүгээр сараас хойш тохиолдоогүй уналт болж байгаа юм.

Засгийн газар ОХУ-ын эдийн засгийг олон салбарт төрөлжүүлэн өргөтгөх амлалт өгсөөр удаж буй. Гэвч тус улсын төсвийн нийт орлогын талаас илүүг газрын тосноос бүрдүүлдэг хэвээр. ОХУ-ын 2016 оны төсөвт газрын тосны дундаж үнийг 50 ам.доллараар тооцсоны үндсэн дээр төсвийн алдагдал гурван хувьтай байхаар эрх баригчид тооцоолсон. Сарын өмнө парламентаас нь сайшаасан уг төсөвт өнгөрсөн онд 15.5 их наяд рубль байсан Холбооны төсвийн зардлыг 15.8 их наяд хүртэл өсгөхөөр тусгажээ.

Хэт өөдрөг үнэлгээнд тулгуурлаж буй шинэ оны төсвийн зарим зүйлсийг Засгийн газраас засах шаардлагатайг арванхоёрдугаар сарын дундуур Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулж байлаа. Нэгдүгээр сарын 15-нд танилцуулах ёстой төсвийн тодотголын төсөл нь арванхоёрдугаар сарын протоколд заасан ёсоор төрийн ажилтнуудын тэтгэмж, цалин хөлсийг хөндөхгүй. Хасагдах ёстой зардалд Засгийн газрын хөрөнгө оруулалттай зарим хөтөлбөр, захиргааны зардал багтаж байгаа талаар албан ёсны хоёр ч эх сурвалж мэдээлсэн. Төсөв таналт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй, зарим яам зардлаа хасах боломжгүй нь тодорхой. Иймд боломжтой бусад арга хэрэгслийг нягталж үзэх талаар ОХУ-ын Сангийн яамны удирдах албаны хүн тайлбарлаж байлаа.

Эдийн засаг сэргэлт удааширна хэмээн үзэх шинжээч олшрохын хэрээр ОХУ-д бүсээ чангалах шаардлага нэмэгдсээр. Тус улсын Холбооны статистикийн агентлагийн судалгаагаар ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 3.7 хувиар буурсан дүнтэй гарах төлөвтэй. Өнгөрсөн оны эцсээр тус улсын Засгийн газар, хувийн хэвшлийн эдийн засагчийн зарим нь 2016 онд үл ялиг өсөлт бий болно хэмээн таамаглаж байв. Гэхдээ энэ онд уналт үргэлжлэхийг муу амлагч илүү олон байна. “Бидний тооцоогоор оны эцэс гэхэд Brent-ийн үнэ 50 ам.доллараас давна. Гэхдээ энэ оны дундаж үнэ 42 ам.доллар орчимд эргэлдэх болов уу. Ам.доллартай харьцах рублийн ханш эхний улиралд 80-д дөхүү байгаад, дөрөвдүгээр улирлаас чангарна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.3 хувиар буурна” хэмээн Москвад байрладаг, зөвлөх үйлчилгээний Macro-Advisory компанийн түнш Крис Вифер тайлбарлав.

ОХУ-ын гол зээлдүүлэгч болох төрийн өмчийн “Сбербанк” газрын тосны үнэ 25 ам.доллар байх нөхцөлөөр стресс тест явуулж эхэлсэн талаар тус банкны ерөнхий захирал Герман Греф мягмар гарагт мэдэгдлээ. “Тохиолдож болох ийм хүнд нөхцөл үргэлжлэх хугацаанаасаа хамааралтай. Хэрэв ийм нөхцөл хагас юм уу, бүтэн жилээр үргэлжлэх аваас эдийн засагт тун ч хүчир тусна” хэмээн ноён Греф тайлбарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27874
0 эможи
keyboard_arrow_up