Утааг багасгасан ч агаарын чанар сайжирсангүй

2016 оны 1 сарын 08

Бээжин хотын агаарын чанар өнгөрсөн онд 2014 оныхтой харьцуулахад сайжирсан нь автомашины утаанаас илүү цаг агаарын төлөвтэй холбоотой хэмээн Хятадын байгаль орчны мэргэжилтнүүд дүгнэв.

Хотын байгаль орчныг хамгаалах хорооны мэдээлснээр нэг шоо метр агаарт агуулагдах том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 81 микро грамм болсон нь 2014 оныхоос зургаа, 2013 оныхоос 10 хувиар багассан үзүүлэлт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар нэг шоо метр агаарт агуулагдах том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 10 мкг байх ёстой аж.

Мөн жилээс жилд Бээжингийн агаарт агуулагдах том ширхэглэгт тоосонцортой өдрийн тоо багасч байгааг Хотын байгаль орчныг хамгаалах хороо мэдээлж буй юм. Гэхдээ зөвхөн өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд Бээжингийн агаарын бохирдол хоёр ч удаа түгшүүрийн хэмжээнд хүрсэн билээ. Агаарын бохирдол улаан шугамаас хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн тул Бээжингийн удирдлага сургуулиудыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог хагаслах арга хэмжээ авсан.

Олон нийт ба байгаль орчны хүрээлэнгийн тэргүүн, байгаль хамгаалагч Ма Жун “2015 оны эхний 10 сарын байдлаар Бээжингийн агаарын чанар өмнөх оны мөн үетэй харьцуулахад дээшилсэн” хэмээв. Тэрбээр “Гэхдээ автомашины хөдөлгөөнийг хязгаарласнаар азот болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ буурсны үр дүн баттай мөн эсэхийг хэлж мэдэхгүй” гээд жилийн сүүлийн хоёр сард агаарын бохирдол үлэмж ихэссэн нь салхи болон чийгшилтэй холбоотой гэдгийг онцолсон юм. Нийслэл хотын агаарын бохирдол ойр хавийн газар нутаг, хотуудад урьд урьдынхаасаа илүү тархсан гэдгийг ч Ма Жун нэмж хэллээ.

Дэлхийн байгаль орчны Greenpeace байгууллагын Зүүн Ази дахь салбарын Уур амьсгал, эрчим хүчний асуудал хариуцсан төлөөлөгч Донг Лиансай “Агаарын чанар бол зөвхөн Бээжинд тулгараад байгаа бус, өргөн цар хүрээг хамарсан асуудал. Тус улсын зүүн хойд хэсэг, Төв Хятадын тал газар, Бээжин-Тяньжин-Хэбэйг дайрсан бүс нутаг, Чэнгду зэрэг баруун өмнөд хэсгийн хотууд ч их хэмжээний утаанд бүрхэгдсэн. Бээжингээс гадна агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, улаан шугам давсан хотууд хэд хэд байгаа хэмээн” тайлбарлав.

Хятадыг өргөн хамарсан, амь насанд ч аюултай түвшинд хүрээд буй агаарын бохирдлын асуудал хүн ам шигүү суурьшсан хотуудын үйлдвэр заводыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоод буй Засгийн газраас улс төрийн ихээхэн хариуцлагатай шийдэл шаардаж байна. Гэвч үйлдвэрийн газруудаа хотоос нүүлгэх төдийхнөөр асуудлыг шийдэхийг оролдсон Шанхай зэрэг хотын шийдэл хорт утаа буцаад тархах, агаар бохирдуулахаас хэтрэхгүй байна.

Тус улсын агаарын найрлагад агуулагдах ширхэглэгт тоосонцрын хэмжээ 2015 оны эхний гурван улиралд буурсан. Гэхдээ 367 хотын 80 орчим хувийнх нь агаарын чанар олон улс болон дотоодын стандартаас үлэмж хэмжээгээр давсан гэдгийг Greenpeace байгууллага аравдугаар сард мэдээлсэн.

Патти Уалдмейр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27530
0 эможи
keyboard_arrow_up