ОУВС ба бидний мэдэх дүр зураг
ОУВС “авралын ганц зээлдүүлэгч” үү
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан арванхоёрдугаар сарын 20-нд мэдэгдэл хийсэн юм. Грекийн бэйлаутын гуравдугаар багцад Олон улсын валютын санг оролцохгүй байхыг тэрбээр хүслээ. “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдсэн ноён Ципрас “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Олон улсын валютын сан төсөв, мөнгө болон санхүүгийн асуудлаар үр дүнгүй хандлага гаргаж байна” хэмээн шүүмжилсэн юм.
“Хямралыг зохицуулахаар бид зургаан жил ажиллалаа. Одоо дотоод асуудлаа амжилттай шийдэх институцийн чадамж Европт бий гэж бодож байна” гэж Ципрас учирлажээ. Бэйлаутад Олон улсын валютын санг оролцохыг шаргуу шаарддаг Германы Сангийн сайдын эгдүүцлийг энэ үг төрүүлж мэднэ.
Макро эдийн засгийн бодлогоо алдах уу
Тэрчлэн Берлин үргэлжид Европын комиссын шийдвэрт эргэлзэж, тэр хэрээр Олон улсын валютын сангийн техникийн туршлагыг үнэлсээр ирсэн билээ.
Гуравдугаар багцын гэрээ хэлцлийг Грекийн Засгийн газар энэ сард эцэслэн батлах хүлээлттэй. “Зээлдүүлэгчдийн тавьж буй энэ удаагийн шаардлагад нэг л хэцүү зүйл бий. Тэр нь тэтгэврийн шинэчлэл” хэмээн Алексис Ципрас аргаа барсан тайлбар хийв. Одоогоос нэг жилийн өмнөөс засгийн эрхийг анх барих болсон Ципрас урт хугацааны туршид Олон улсын валютын санг шүүмжилсэн. Тодруулбал, зургаан жилийн турш хэмнэлтийн горимд бүсээ чангалан амьдарч буй грекчүүдэд увайгүй, харгис шаардлага тулгадаг хэмээн буруушаадаг юм. Тэтгэврийг танах гэсэн Олон улсын валютын сангийн шаардлагыг Грек сөрсөөр ирсэн. Эрт тэтгэвэрт гарахыг хуульчлан хориглож, зардлыг танах өөр арга зам олох замаар энэ жил Төрийн тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах боломжтой хэмээн тайлбарласан ч үл ойшоосоор байгаа.
Евро комиссын тооцоогоор Грекийн өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 2015 онд 194.8 хувьд хүрсэн. Энэ нь Евро бүсэд элссэнээс хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Харин хямралын эсрэг тусламжийн гурав дахь хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн 86 тэрбум евро. Өрийн гинжинд хүлэгдсэн Грек улс 2010 оны тавдугаар сарын 9-нөөс хойш ТРОЙКА хэмээх авралын сүүлчийн зээлдүүлэгчдийнхээ аманд аргагүйн эрхэнд багтсаар ирэв ээ. Энэ гурвалд Европын комисс, Европын Төв банк, мөн Олон улсын валютын сан багтдаг. Эдгээрээс ОУВС хамгийн хатуу шаардлагыг тавьдаг гэж эдийн засагчид дүгнэдэг. Одоогийн байдлаар тэд Грект 240 гаруй тэрбум еврогийн зээл олгоод байгаа. Харван одсон зургаан жилийн уртад зээлдүүлэгчид ямар шахалт үзүүлж ирснийг сонирхоно уу.
Мэдээж НӨАТ-ын хэмжээг өсгөх, тэтгэврийн системийг шинэчлэх, төрийн зардлыг автоматаар бууруулах, шүүх тогтолцоонд реформ хийх, банкуудыг дахин капиталжуулах зэрэг ажил юуны өмнө бичигдэх нь тодорхой. Эдгээрээс гадна Ципрасын баталсан нэгээс бусад хуулийг хүчингүй болгох, 50 тэрбум еврогоор хэмжигдэх төрийн өмчийг хувьчлах зэрэг ямар сонсогдож байна вэ?
Монгол Улс бодлогын хувьд дампуурсан гэдгийг дэлхий даяар зарлаж байгаа хэрэг
Хямралын эсрэг тусламжийн гурав дахь хөтөлбөрийн шаардлагад тусгасанчлан Грек 50 тэрбум еврогийн үнийн дүн бүхий төрийн өмчийг яаралтай хувьчлах ёстой. Боомт, нисэх онгоцны буудал, завины зогсоол, усан хангамжийн систем зэргийг хувийн өмчид шилжүүлж, улмаар орлого 50 тэрбумыг нь Люксембургт төвтэй санд барьцаа хэлбэрээр төвлөрүүлэх санал санаачилга зээлдүүлэгчдийн зүгээс гарчээ. Тухайлбал, 2004 онд Афины Олимпийн наадмыг зохион байгуулахаар баригдсан цэнгэлдэх хүрээлэн ч мөн “Люксембургийн” сангийн өмчийн жагсаалтад бүртгэгдэх төлөвтэй. Мөн төрийн өмчийн төмөр замын сүлжээг нь худалдан авах сонирхлоо 2009 оны сүүлчээр манай өмнөд, хойд хөрш илэрхийлж байжээ. Тэрчлэн орон нутгийн нисэх онгоцны 14 буудал, Piraeus болон Thessaloniki боомтууд, байнга хүн оршин суудаггүй 87 арлынх нь заримыг хувьчлах санал ч тэдний дунд бий. Хамаг өмч хөрөнгийг нь хуу хамах Грекийн энэ хувьчлалыг хөрөнгө оруулагчид “Fire sale” хэмээн нэрлэж буйг барууны хэвлэлүүд бишгүй дамжуулж байна.
Дэлхийн II дайны дараа эмхэлсэн энэхүү Олон улсын валютын санг монголчууд андахгүй. Стэндбай хөтөлбөрөөр нь дамжуулж “авралын ганц зээлдүүлэгч”-тэйгээ анх 1991 онд танилцсан. Тэдгээрээс хамгийн сүүлд Монгол Улс дэлхийн санхүүгийн хямралын үеэр, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ шалдаа буугаад байх үед Олон улсын валютын санд хандаж байлаа. Хариуд нь тэд 18 сарын хугацаатай, 229.2 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд шийдсэн юм. Тиймээс Грект өдгөө үүсээд байгаа нөхцөл байдал, зээлдүүлэгчдийн ашиглаж буй механик аргууд, түүнээс улбаалсан эдийн засгийн агшилт ч монголчуудын хувьд танил дүр зураг билээ.
Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямрал, эдийн засгийн хүндрэл, өрийн түгшүүр дунд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан найздаа дахин хандсан билээ. “... Хамтран ажиллах боломжийн хүрээнд албан ёсны хэлэлцээ хийх хүсэлтэй байна” хэмээгээд Ажлын хэсгийн төлөөлөгчдийг Монголд урьсан Ерөнхий сайдын гарын үсэгтэй албан бичиг өнгөрсөн оны гуравдугаар сард олон нийтэд ил болсон. Эдийн засгийн бодит байдал улам хүндэрч, дэлхийн зах зээлээс арилжааны зээл авахад өртөг зардал нь өссөөр буй энэ өдрүүдэд Олон улсын валютын сангийн “халаасанд орох” хувилбар Монголын улс төрд яригдаж байна.
“Энэ чинь үндсэндээ Монгол Улс бодлогын хувьд 100 хувь дампуурсан гэдгийг дэлхий даяар зарлаж байгаа хэрэг. Өөрийнхөө улсыг, эдийн засгаа удирдаж чадахгүй байна, бодлогоо авч явж чадахгүй байна гэдгээ олон улсад зарлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөнгөж 2012 онд биднийг буурай хөгжилтэй биш, хөгжиж байгаа орон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл бид хүчээр өөрсдийгөө “Үгүй ээ, бид болоогүй, бид бол ядуу дуракууд” гээд буцаад доош нь хийж байгаатай адил. Жаахан хөдөлмөрлөөд тодорхой түвшинд гарч, олон улсын системийн нэг хэсэг болоод эхэлсэн атлаа бүтээснээ устгаж байгаагаас ялгаагүй” хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тодотгов.
Монгол Улс Стэндбай хөтөлбөрөөр дамжуулж анх 1991 онд танилцсан
Харин нэрээ нууцлахыг хүссэн, Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг “Олон улсын валютын сангийн хаалгыг татвал өөрийн гэсэн дотоодын ямар ч бодлогогүй болно. Макро бодлогоо бүхэлдээ Олон улсын валютын санд алддаг. Бид тэгэж үзээгүй биш шүү дээ. Хамаг активаа хувьчлаад бөөн юм болж л байсан. Дахиад тэгмээр байгаа юм уу? Одоо Грекийг хар л даа, хамаг банкийг нь гаднынханд зараад явж л байна. Үүнийгээ хувьчил, түүнийгээ тийшээ зар, та нар энэ мөнгөөрөө зөвхөн ингэж болно гэдгийг тэд заана. Арилжааны зээлийг монголчууд өр гээд үзэн ядаад байдаг. ОУВС ямар ялгаатай юм бэ? Адилхан л хөрөнгө оруулна, тэр нь мөн л зээл. Харин ОУВС тэр мөнгөөр юу хийх вэ гэдгийг бидний ам руу алгадаад л шууд хэлнэ” гэв. Одоо бичигдэж буй Грекийн түүх ч тэдний үгийг нотлон харуулсаар байна.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас “Бид энэ хөтөлбөрийг таван жилийн турш мөрдлөө. Бие даасан, тусгаар байдлаа ийм удаан хугацаагаар алдана гэдэг Европын улсын хувьд бэрх. Гэхдээ хараат бус байдлаа буцаан олж, Гурвалын хяналтаас гарахын тулд бид бэйлаутын хэлэлцээрээ биелүүлэх ёстой. Хэцүү боловч энэ нь бусад сонголтоос илүү дээр” гэж “Financial Times”-ийн сэтгүүлчид ярьжээ. Грек гуравдугаар сар гэхэд хөрөнгийн хяналтыг цуцална. Харин 2016 оны сүүлч гэхэд дэлхийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байна. Тэгвэл тусгаар тогтнолоо эрхэмлэдэг Монголын зарим улс төрч дэлхийн хөрөнгийн зах зээлийг өрийн талбар гэж хардаг байх аа?!