Хятад улс Сирид 40 сая юанийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Хятад улс Сирид 40 сая юань буюу өөрөөр хэлбэл 6.18 сая америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муаллем Хятадад хийж байгаа айлчлалынхаа эхэнд өчигдөр Ван И-тэй уулзсан юм.
Уулзалтын дараа талуудын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ван И хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай зарлаж, энэ шийдвэрээ Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний үүргээ ухамсарлаж, дэлхийд энх тайван тогтооход хувь нэмрээ оруулах зорилготой гэж тайлбарласан байна. Уулзалтын үеэр Хятад, Сирийн Гадаад хэргийн сайд нар Сирийн хямралыг улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ хүрээнд НҮБ зуучлалын үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байгаа байр сууриа харилцан бататгажээ. Сирийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын албыг давхар хашдаг Валид аль-Муаллемийн Хятад дахь айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм.