АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

2015 оны 12 сарын 24

АНУ Украиныг тойрсон асуудалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, улмаар энэ хоригт хамаарах Оросын 34 хувь хүн, албан байгууллагын жагсаалтыг гаргалаа. АНУ Оросыг Минскийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Крымыг Украины эзэмшилд буцаан өгөх хүртэл тус хориг арга хэмжээг цуцлахгүй байр суурьтай байгаа юм.

Украины Засгийн газар болон салан тусгаарлах үзэлтэй босогчдын хооронд гал зогсоох Минскийн гэрээ хэрэгжиж байгааг үл харгалзан, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 9000 гаруй хүн талуудын хоорондох дайн тулаанд амь үрэгджээ. Вашингтон олон улсын бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Москватай хамтран ажиллах сонирхолтой байгаа ч Украины тухайд Оросын эсрэг хатуу бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэдгийг энэ шийдвэр харууллаа. Орос улс ч үүнийг зүгээр өнгөрөөхгүй, Америкийн эсрэг зохих хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ талууд энэ асуудлаас үүдэн хоёр талын байр суурь ойртож байгаа Сирийн энхийн яриа хэлэлцээ, мөн Ираны цөмийн хөтөлбөр зэрэгт сэв суулгахаас багагүй болгоомжилж байгааг ажиглагчид онцолж байна. Америкийн зүгээс Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд багтсан хувь хүн, албан байгууллагуудын дотор Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн Засгийн газарт байсан хоёр дээд албан тушаалтан, мөн Крымд үйл ажиллагаа явуулдаг Оросын гурван банк багтсан байна. Америкийн энэ шийдвэрээс нэг өдрийн өмнө Европын холбоо мөн Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнийхээ үйлчлэх хугацааг ирэх 2016 оны долоодугаар сарын эцэс хүртэл сунгаснаа зарлаад байгаа.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27192
0 эможи
keyboard_arrow_up