ОХУ-д гадаадын тагнуулуудын ажиллагаа идэвхжив

2015 оны 12 сарын 22

ОХУ-ын тусгай албад алан хядах зорилго бүхий 30 гаруй гэмт үйлдлийг таслан зогсоож чадсан талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 19-нд Кремлийн ордонд болсон аюулаас хамгаалах байгууллагын ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн үдэшлэгт үг хэлэх үеэрээ мэдэгдэв. “Холбооны аюулаас хамгаалах байгууллагын хүчин чармайлтын дүнд энэ жил алан хядах зорилготой 30 гаруй ажиллагааг амжилттай таслан зогсоолоо” хэмээн Ерөнхийлөгч өгүүлсэн юм.

Владимир Путин мөн ОХУ-д зарим улсын тагнах турших ажиллагаа идэвхжиж байгааг анхаарууллаа. “Зарим орны хувьд, хүмүүсийн ярьдагчлан “Оросыг хариуцсан” тагнан турших ажиллагаа эрчээ авч байгааг бид бүгд харсаар байна. Манай сөрөг тагнуулчид онцгой хариуцлагатай ажиллаж байгаа. Энэ жил ОХУ-ын сөрөг тагнуулчид гадаад улсын тусгай албаны ажилтан, хамсаатан зэрэг 320 гаруй этгээдийг илрүүллээ” хэмээн Ерөнхийлөгч өгүүлжээ. Владимир Путин ОХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд энэ бүх аюул заналд таарсан хариуг нь өгч чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мөн илэрхийлсэн юм. “Эх орны хил хамгаалах, авилгатай тэмцэх, эдийн засгийн салбарт гарч буй гэмт хэргийг илрүүлж, таслан зогсооход та бүхэн үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Улсыг аюулаас хамгаалах байгууллага манай зэвсэгт хүчний үйл ажиллагаатай уялдуулан ажлаа зохицуулж явах ёстой” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.

Сирийн нутагт тус улсын цэргийнхний явуулж буй терроризмын эсрэг үйл ажиллагаа үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэсэн Владимир Путин “шаардлагатай нөхцөлд хэрэглэж болох нэмэлт арга хэрэгсэл ОХУ-д байгаа”-г анхааруулав. “Манай нисгэгчид, тагнуулчид үйл ажиллагаагаа үр дүнтэй уялдуулан зохицуулж, арми, флот, нисэх хүчин хамгийн орчин үеийн байлдааны зэвсэг техникийг хэрхэн гарамгай эзэмшиж байгааг та бид харж байгаа. Гэхдээ энэ нь манай хүчин чадлын хязгаар биш гэдгийг давхар хэлмээр байна. Бидэнд хараахан хэрэглээгүй байгаа өөр бусад хэрэгсэл ч бий. Шаардлагатай гэж үзвэл бид нэмэлт бусад хэрэгслийг ч ашиглах болно” хэмээн Ерөнхийлөгч өгүүлэв.

Энэ онд ОХУ иргэдийг тагнан турших ажиллагаанд оролцсон, улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэрэгт холбогдуулан хэрэгт татах нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Гэрийнх нь эсрэг талд байрладаг цэргийн анги эзгүйрснийг цонхоор анзаарч, автобусаар зорчих үедээ томилолтоор явах талаар цэргийнхний хоорондох яриаг сонссон Светлана Давыдова Украины Элчин сайдын яаманд утсаар хэлээд баригдсан нь тус улсад дуулиан тарьсан. Зургаан хүүхдийн эх түүнийг хожим нь суллаж, хэргийг нь хаасан юм. Эх орноосоо урвасан хэрэгт ял шийтгүүлсэн Физикч Валерий Селянин 15 жил, инженер Максим Людоморский есөн жил шоронд суухаар болсон. Цөмийн эрчим хүчний судалгаа хийдэг эрдэмтэн Владимир Голубев 2013 онд Чехэд тавьсан илтгэлээсээ болж мөн урвасан хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27141
0 эможи
keyboard_arrow_up