Бээжингийнхэн агаараа шүүж байна
Хятадын нийслэл Бээжин дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг юм. Бээжинд энэ арванхоёрдугаар сар гарсаар агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хоёр удаа хүрчээ. Тухай бүрд сургууль цэцэрлэг, үйлдвэрүүд хаагдан, автомашины хязгаарлалт тогтоож, ил гал гаргахыг хорих замаар бохирдлын түвшнийг бууруулахыг Хятадын албаныхан хичээжээ. Агаарын бохирдлын эсрэг Хятадын засгийн газрын авч буй арга хэмжээнээс гадна Бээжингийн өрх бүр, хүн болгон дор бүрнээ чадах чинээгээрээ эрүүл мэнддээ анхаарч байна.
“Нэг гэр бүл-нэг хүүхэд” засгийн газрын бодлогын улмаас Бээжингийн өрх айлууд удам залгах ганц хүүхэдтэй байдаг. Гэтэл агаарын бохирдлын улмаас удам угсааг нь залгах ганц хүүхдийнхээ эрүүл мэндэд эцэг эхчүүд ихэд зовниж байна. Үүний нэг илрэл нь Бээжингийн айлууд гэртээ агаар шүүгч, ус цэвэршүүлэгч худалдаж авах нь нэмэгджээ. Тухайлбал, Бээжингийн оршин суугч Лю Нанфенг хоёр настай охиныхоо төлөө гэртээ таван ширхэг агаар шүүгч, хоёр ширхэг агаарын чанар хэмжигч, ус цэвэршүүлэгч суурилуулсан байна.
Энэ мэтээр Бээжингийн оршин суугчдын дунд хамгийн эрэлттэй бараа бол агаар, ус шүүгч болсон бөгөөд онлайн захиалга, худалдаа нэмэгдсээр байгаа аж. Гар утсаараа алдартай Хятадын “Xiaomi” цахилгаан барааны брэнд сүүлийн үед агаар, ус шүүгч, агаарын чанар хэмжигч зэрэг багажийг үйлдвэрлэж эхэлжээ. Тус брэнд өнгөрсөн арваннэгдүгээр сард 42800 агаар шүүгч худалдсан байна. Мөн “Origins Technology” компанийн 499 юанийн үнэтэй “Laser Egg” гэх гарт зүүн хэрэглэдэг агаарын чанар хэмжигч багаж Бээжингийн хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа аж. Түүнчлэн “Blueair Pro XL” гэх мэт өндөр чанарын агаар шүүгч харьцангуй өндөр үнэтэй /23200 юань/ боловч худалдан авалт ихтэй байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Канадын “Vitality Air” компани хорт утаагаар бүрхэгдсэн Бээжингийн иргэдэд савласан цэвэр агаарыг зарах болсон нь ашигтай бизнес болжээ. Цэвэр агаар савласан долоон литрийн баллон 100 юань буюу 15 орчим ам.долларын үнэтэй байдаг аж.
Хятадад савласан цэвэр усны импорт энэ оны эхний 10 сард 46 сая литр болж хоёр жилийн өмнөхөөс даруй 10 сая литрээр нэмэгдсэн байна. Мөн 2011-2014 оны хооронд хүнс, амьд малын импорт 63 хувиар нэмэгдсэнийг Хятадын статистикийн мэдээлэлд дурджээ.