Хятадад 22 барилга нуржээ
Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотод том хэмжээний хөрсний нуралт болсноос аж үйлдвэрийн паркийн 22 барилга нурж, олон хүн нурангид даруулжээ. Гамшгийн бүсээс 900 орчим хүнийг аварч нүүлгэн шилжүүлсэн байна. Шэньжэнь хотын аврах албаны 1500 гал сөнөөгч нурангид даруулсан хүмүүсийг олж аврахаар ажиллаж байгаа аж.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр 59 хүн сураггүй болсон гэнэ. Хөрсний нуранги нийтдээ 20 мянган квадрат метр талбайг хамарч, замдаа таарсан байшин барилгыг бүрхэн авчээ. Хөрсний нурангид ажилчдын хоёр нийтийн байр өртөн нурсан аж.
Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард тус хотод хөрсний нуралт болсноос 25 хүн амь үрэгдсэн юм. Шэньжэнь нь Хятадын хамгийн том хотуудын нэг бөгөөд аж үйлдвэрийн төв юм.