В.Путин: Сирийн хямралыг цэргийн ажиллагаанаас өөр аргаар шийдвэрлэх аргагүй болсон
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг томоохон хэвлэлийн бага хурал эхэллээ. Энэ жилийн хэвлэлийн хурал 11 дэх нь болж байгаа юм.
Владимир Путин хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. Гурван цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлаар Путин 30 гаруй асуултад хариулжээ.
Борис Немцовын үхлийн талаар "Немцов бид хоёрын харилцаа тийм ч сайн байгаагүй. Немцов улс төрийн тэмцлээ энэ замаар явахыг хүссэн. Борис Немцовыг хэн ч алсан байсан ч түүнийг олж, шийтгэх ёстой" гэлээ.
Египетийн төлөөлөгч Оросын жуулчид хэзээнээс эхэлж Египет рүү аялах боломжтой болох вэ, Хоёр хоногийн өмнө Саудын Арабын эрх баригчид алан хядах бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх Исламын шашинтай 34 орноос бүрдсэн эвсэл байгуулсан. Энэ талаар та юу гэж бодож байна гэж асуув.
Путин: Аялал жуулчлалын тухай, Оросын жуулчдыг Египет рүү гаргахгүй байгаа нь улс төрийн шалтгаантай биш. Харин бид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг харгалзан Египеттэй агаарын харилцаагаа түр хугацаагаар цуцалсан. Нөхцөл байдал намжиж, бидний иргэдэд ямар ч аюул заналхийлэхгүй гэсэн тохиолдолд аялал жуулчлалаа сэргээхэд бэлэн гэлээ.
Шинэ эвслийн тухайд гэвэл Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах эвсэл гэж бодохгүй байна. АНУ-аар ахлуулсан "Исламын улс"-ын эсрэг эвсэл байгаа. Тус эвсэлд Саудын Араб бас багтдаг. Тэгвэл яагаад шинэ эвсэл нээснийг, тэдэнд юу хүрэлцэхгүй байгааг би мэдэхгүй. Бүс нутгийн ашиг сонирхол байгаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч бид алан хядах ажиллагааны эсрэг хамтран тэмцэх ёстой.
РБК агентлагийн сэтгүүлч МГУ-д ажиллаж буй Екатерина Тихоноваг Путины охин гэж сүүлийн үед хэвлэлүүдээр гараад байгаа талаар тайлбар өгөөч гэлээ.
Путин: Зарим нэг хэвлэлүүдээр миний охид гадаадад сурч, тэнд амьдарч байгаа гэсэн байсан. Энэ бол худлаа миний охид Оросын их сургуулиудад боловсрол эзэмшсэн, насаараа Орос улсад амьдарч байна. Би охидоороо маш их бахархдаг. Тэд маань дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг, улс төр болон бизнесийн салбарт ажилладаггүй
Би хэзээ ч охидынхоо талаар олон нийтэд зарлаж байгаагүй одоо ч зарлахгүй гэлээ.
Владимир Путины хэвлэлийн хурал хоёр цаг үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрээр 19 сэтгүүлчийн асуултад хариуллаа. Сэтгүүлчид Турк, Сири, Украин, АНУ, Олон улсын хөлбөмбөгийн холбооны авлигийн шуугиан болон Оросын эдийн засгийн талаар асуултууд тавилаа.
ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо авлигын хэрэгт холбогдсон талаар "Йозеф Блаттер хөлбөмбөгийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Нобелийн энх тайвны шагнал авах ёстой хүн гэвэл би түүнийг нэрлэнэ" гэлээ.
Йозеф Блаттер, Владимир Путин нар
"Russian Today" агентлагийн сэтгүүлч "Ирэх онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ талаар та ямар бодолтой байна?" гэлээ.
Энэ талаар Путин ямар ч хүн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч бид хамтран ажиллахад бэлэн байна. Орос АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
Барууны хэвлэлээс анхны асуултыг The Wall Street Journal сонины ерөнхий эрхлэгч төрийн өмчийн компаниудыг хувьчлах цаг нь болсон эсэх талаар тавилаа.
Путин: "Роснефть", "Аэрофлот" болон бусад төрийн өмчит компаниудын хувьчилж болох юм. Гэхдээ энэ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаална. 2016 онд Засгийн газар төрийн өмчит томоохон компаниудыг хувьчилж магадгүй гэлээ.
Энэ жилийн хэвлэлийн хуралд 1390 сэтгүүлч оролцож байгаа юм. Иймээс сэтгүүлчид Ерөнхийлөгчид асуулт тавихын тулд Путины анхаарлыг татах янз бүрийн арга хэрэглэдэг байна.
Украины сэтгүүлч Минскийн энхийн хэлэлцээ энэ онд дуусаж байна. Гэвч талуудын нэгэн ч хэлэлцээг биелүүлээгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Украинтай холбоотой ямар шийдвэр гаргах гэж байна гэж асуулаа.
Путин: Ирэх оноос эхлэн Украин, Оросын эдийн засгийн харилцаа улам муудна. Та бүхний мэдэж буйгаар ирэх оноос эхлэн Украин чөлөөт худалдааны бүсээс хасагдаж байгаа. Гэхдээ бид Украины эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгийг онцолмоор байна.
Харин Украины нөхцөл байдлын тухайд хямралыг үргэлжлүүлэх биш энхийн замаар шийдвэрлэхийг бид хүсэж байна гэлээ.
Оросын "Нэгдүгээр суваг"-ийн төлөөлөгч Антон Верницкий Сири дэх цэргийн ажиллагаа хэзээ дуусах вэ, энэхүү цэргийн ажиллагааны эцсийн зорилго юу хэмээн асуулаа.
Путин: Сирийн хямралыг цэргийн ажиллагаанаас өөр аргаар шийдвэрлэх аргагүй болсон. Сирийн арми цэргийн ажиллагаагаа явуулж байгаа цагт бид ч агаарын цохилтоо өгсөөр байх болно.
Туркийн Анадолу, Жихан агентлагийн сэтгүүлч Турк, Оросын харилцаа,ны талаар асуулт тавилаа. Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны осолд гуравдагч этгээд байгаа биш биз? "Исламын улс" бүлэглэлийн эсрэг маш олон эвслүүд тэмцэж байна. Нэг бүлэглэлийг дарах тийм хэцүү байна гэж үү гэсэн асуултуудыг тавьсан юм.
Путин: Оросын онгоцны асуудал бол золгүй явдал биш. Бидний цэргүүдийг санаатайгаар алсан хэрэг. Түүнчлэн энэхүү хэргийн дараа Туркийн эрх баригчид тайлбар хийж, уучлал гуйх биш НАТО-д хандсан.
Энэхүү хэргийн дараа бид Сири дэх цэргийн хүчээ зузаатгасан. Оросын Су-24 онгоцны осолд гуравдагч этгээд байгаа эсэх талаар би мэдэхгүй байна. Туркийн эрх баригчдаас хэн нэгэн нь АНУ-д "долигонох" гэсэн байж магадгүй ч би мэдэхгүй.
"Исламын улс" бүлэглэл барууны эрх баригчдын санхүүжилтээр үүссэн. Тус алан хядах бүлэглэл гуравдагч этгээдийн газрын тосны хууль бус наймаа ашиг сонирхлыг хамгаалж байна гэдгийг мэдэгдлээ.
Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талаар "Хэн, хаана удирдах эсэхийг өөр улс шийдэхийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Сири улсыг хэн удирдахыг Сирийн ард түмэн шийднэ гэсэн байр сууринаасаа бид хэзээ ч ухрахгүй. Сирийн хямралыг шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.
Дараагийн асуултыг РИА Новости агентлагийн төлөөлөгч Елена Глушакова тавилаа. Тэрээр "Владимир Владимирович та бид эдийн засгийн хямралыг даван гарсан гэж хэлж байна. Гэхдээ нөхцөл байдал хэцүү хэвээр байна. Тухайлбал Төв банкны бодлогын хүү маш өндөр байна. Үүнээс үзэхэд үндэсний валют нь банк дээр болон хар захад өөр өөр үнэтэй байдаг Венесуэлийн хойноос бид нар орж байгаа юм биш биз гэсэн айдас дагуулж байна. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ" гэлээ.
Путин Төв банк эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн бодлогын хүүг нэмсэн гэдгийн онцоллоо.
Эхний асуултыг "Комсомольская правда" сонины сэтгүүлч Александр Гамов тавилаа. Тэрээр ОХУ-ын эдийн засгийн хямралаас гарахад авч буй бодлого, арга хэмжээнд өөрчлөлт орсон уу гэсэн асуулт тавилаа.
ОХУ-ын төрийн тэргүүн "Эдийн засгийн үйл ажиллагаа тогтворжих шинж тэмдэг илэрч байна. Энэ онд Засгийн газраас явуулсан үйл ажиллагааны үр дүнд ажилгүйдлийн түвшин 5.6 хувь хүртэл буурсан.
Гэхдээ 2015 оны төсөвт эдийн засгийн хямралаас гарах бодлого боловсруулахдаа бид газрын тосны нэг баррелийг 100 ам.доллароор тооцоолсон. Гэвч газрын тосны үнэ өсөөгүй. Өнгөрсөн есдүгээр-аравдугаар сард ДНБ-ий хэмжээ 0.3-0.1 хувиар өссөн гэсэн таамаглалыг шинжээчид гаргасанв Оросын төв банкнаас нэмэлт мөнгөн дэвсгэрт хэвлэх мөн бусад арга замуудыг авна. Рублын уналтыг инфляцтай холбох нь учир дутагдалтай бөгөөд зарим орнуудаас манай улсын мөнгөн дэвсгэртийг хүчээр унагаах явдал байна. Үүнд ч миний буруу байгаа" гэлээ.
Хэвлэлийн бага хуралд АНУ, БНХАУ, Иран, Япон, Герман, Франц, Их Британи зэрэг олон орны хэвлэл мэдээллийн ажилчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ жил нийт 1390 сэтгүүлч оролцож байна.
Тус хэвлэлийн хурлыг Оросын “Россия 1”, “Россия 24”, “Нэгдүгээр суваг” гэсэн томоохон телевизүүдээс гадна онлайнаар шууд дамжуулж байна.
Владимир Путин хэвлэлийн хурлын эхэнд өнгөрч буй жилийн ажлын үр дүнгээ нэгтгэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулдаг байсан.
Тэгвэл энэ жил мэдээлэл өгөөгүй, харин сэтгүүлчдийн асуултад шууд хариулахаар шийдлээ.