Хятад улс Канадаас цэвэр агаар худалдан авахаар болжээ
Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөн цэвэр усыг савлаад зарж болно гэдгийг “нээж” илрүүлсэн. Анх нэвтрүүлсэн орнуудыг нь бусад улсууд гайхширч байсан ч өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт л савласан цэвэр усыг худалддаг, худалдан авдаг байдал хэвийн үзэгдэл болжээ.
Гэхдээ үнэгүй ус одоо ч байсаар байгаа. Харин энэ хэвээр явбал дахиад хэдэн жилийн дараа бид усыг төлбөр тооцооны хэрэгсэл болгож, цалингаа ч усаар тооцож авдаг болохыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг хэн ч тийм цаг ирээсэй гэж хүсэхгүй билээ.
Vitality Air компанийг үүсгэн байгуулагчдын нэг Мосе Лем
Vitality Air компанийн борлуулж байгаа бүтээгдэхүүний хувьд 7,7 литрийн багтаамжтай гэдэг нь насанд хүрсэн хүний нэг минут л амьсгалах агаарын хэмжээ юм
Тэгвэл шинэ зууны эхэнд хүн төрөлхтөн цэвэр агаарыг савлаад зарна гэж сэтгэж эхлэв. Хэдийгээр цоо шинэ санаа биш боловч өнөөдрийг хүртэл их хэмжээгээр “үйлдвэрлэх” тухай хэн ч төсөөлөөгүй.
Магадгүй та санаж байгаа бол Доктор Сьюзийн 1971 онд хэвлүүлсэн “Лоракс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн 2012 оны анимейшнд агаарыг савлан зарах тухай өгүүлдэг. Яг ийм явдал одоо манай урд хөршид эхэлж байна.
Дөнгөж бизнесийн гараагаа эхэлж буй Канадын “Vitality Air” компани Хадархаг уулын орчмоос агаар болон хүчил төрөгч савлан зараад найман сарын нүүрийг үзжээ. Харин БНХАУ-д хоёр сарын өмнөөс савласан цэвэр агаар зарж эхэлсэн байна.
Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Мосе Лемийн хэлснээр эхний 500 сав цэвэр агаарыг нь дөрвөн өдрийн дотор Хятадын хэрэглэгчид худалдан авчээ. Найман сарын өмнө анх бүтээгдэхүүнээ зарж эхэлж байхад Хойд Америкчууд дотнын хүмүүстээ сонирхолтой бэлэг болгон худалдаж авч байсан бол одоо хүмүүс өөрсдийн хэрэгцээнд зориулан авч эхэлж байна.
Одоо 4000 ширхэг савласан агаар Канадаас Хятадыг зорин далайн тээврээр явж байгаа бөгөөд ихэнх нь захиалгын бүтээгдэхүүн аж.
Сав тус бүр нь 7,7 литр цэвэр агаар агуулсан нэг бүтээгдэхүүн 100 юань буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар 30750 төгрөгөөр зарагддаг юм байна. Гэтэл энэ нь БНХАУ-д зарагддаг савласан цэвэр уснаас даруй 50 дахин өндөр үнэтэй гэсэн үг юм.
1960-аад оны үед хийн түлшний компаниуд худалдан авагчиддаа лаазалсан цэвэр агаар өгдөг байжээ
Энэ сарын эхээр БНХАУ-д агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч, Синьхуа агентлаг нийслэл Бээжин хотын үзэгдэх орчин нь утаагаар хөшиглөсөн гэрэл зургуудыг цацаж, эрх баригчид Улаан түгшүүр зарлажээ.
Гэхдээ Хятадад цэвэр агаар зарж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн жил Хятадын уран бүтээлч Лиан Кеган Францын өмнөд хэсгээс авч ирсэн шилтэй агаарыг 780 орчим ам. доллароор зарж байв.
Цэвэр агаар гэдэг Хятадад тансаг бүтээгдэхүүн болсон шүү дээ
Харин 2013 онд саятан Чен Гуанбиао жижиг хэмжээтэй савласан агаарыг 5 юань буюу 1500 орчим төгрөгөөр зарж байлаа.
Энэ мэтчилэн агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн Хятадаас эхлээд үйлдвэрлэл ихээр явуулж байгаа Азийн зарим орнуудад агаар зарах үзэгдэл газар авч магадгүй юм.
Дэлхийн дулаарлын асуудлаар, ундны усны хомсдлын асуудлаар томоохон орнууд чуулж, асуудлаас гарах арга замыг хайдаг болсон өнөөдрийн дэлхий маргааш гэхэд цэвэр агаарын асуудлыг хэрхэн зохицуулах, цэвэр агаар савлаж зардаг компаниуд дэлхийд томоохон байр суурь эзэлдэг цаг мөд ирж болох.
Лиан Кеган Францын өмнөд хэсгээс авч ирсэн шилтэй агаарыг 780 орчим ам. доллароор зарж байв
Судалгаа ёсоор хүн таатай орчинд хамгийн дээд тал нь долоон хоног усгүй амьд байж чадна. Хэрвээ орчин нь халуун бол хугацаа нь богиносно. Харин агааргүй бол хэчнээн өдөр, биш ээ цаг, биш ээ минутаар хэмжих хугацаанд л амьд байж чадна.
Дунджаар хүн амьсгалахгүйгээр гурван минут л амьд байх боломжтой ажээ. Сүүлийн үед гарсан мэдээллүүд дунд Хятадын Жяньсу мужийн нэгэн цайны газар үйлчлүүлэгчдээс цэвэр агаарын мөнгө гэж нэг юанийн төлбөр нэмж авсан хэрэг гарав.
Хоолны газрын агаар нь цэвэр учраас эзэд нь ийм шийдвэр гаргажээ. Харин мужийн эрх баригчид энэ үйлдлийг нь таслан зогсоосон байна.
Vitality Air компанийн борлуулж байгаа бүтээгдэхүүний хувьд 7,7 литрийн багтаамжтай гэдэг нь насанд хүрсэн хүний нэг минут л амьсгалах агаарын хэмжээ юм. Эрэгтэй хүний уушги дунджаар 6 литр агаарын багтаамжтай байдаг аж.
Компанийн Хятад дахь худалдааг хариуцдаг Харрисон Ваны хэлснээр үйлчлүүлэгчдийн дунд гэр бүлийнхэндээ бэлэг болгон өгөх гэсэн Хятад эмэгтэйчүүд багтаж байгаа бөгөөд баячууд болон Тансаг зэрэглэлийн шөнийн клубууд их хэмжээгээр захиалга өгчээ.
Тэрээр “Цэвэр агаар гэдэг Хятадад тансаг бүтээгдэхүүн болсон шүү дээ” гэсэн байна.