Бээжингийн утаагаар тоосго хийжээ

2015 оны 12 сарын 04

Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг хүмүүс байнга ярих болсон. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, гашуун утаа хоолой хорсгоход бид агаарын бохирдол хэр байгааг биеэрээ мэдэрдэг. Тэгвэл агаар дахь тоосонцор, бохирдлыг энгийн тоос сорогчоор соруулаад тоосго хийж болж байгааг та юу гэх вэ?

“Галзуу ах” гэх хочтой Ван Рензенг гэгч залуу Бээжингийн агаар дахь угаар, утааг тоос сорогчоор соруулж цуглуулаад хар бараан өнгийн тоосго хийсэн байна. Түүний зэвсэг 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогч бөгөөд Бээжингийн хамгийн их бохирдолтой өтгөн саарал утаатай хэсгээр 100 хоногийн турш агаар соруулжээ. Үүгээрээ тэрбээр Хятадын агаарын бохирдол хэр байгааг дэлхий дахинд маш тодоор нотлон харуулав. Олон улсын зүгээс Хятадын агаарын бохирдол АНУ-ын лазер зэвсгээс хамгаалах хэмжээнд хүрсэн гэж хүртэл хошигнон шүүмжилсэн байдаг.

Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ арванхоёрдугаар сарын 1-нд хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэнээс 2100 гаруй үйлдвэрийг хааж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж, зарим онгоцны нислэгийг цуцлахад хүрэв. Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, уушги, тархины цус харвах зэрэг өвчнөөр Хятадад өдөрт 4000 орчим хүн хорвоог орхидог гэх судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ.

Улаанбаатар хотын хувьд ч жавар тачигнасан идэр есийн хоногуудад гэр хорооллын орчимд гашуун утааны хэмжээ Бээжингийн түвшинд дөхөж очдог. Агаарын бохирдлын эсрэг ажиллахаар томилогдсон эрхмүүд, агаарын чанарын хяналтын албаныхан “агаар дахь хорт бодисын хэмжээ буурч, чанар нь сайжирсан” гэж мэдэгддэг боловч бидний хоолойг хорсгох утааны амт өөрчлөгддөггүй. Монголд өнөөдөр агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл өндөр байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ яг хэчнээн хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барж байгаа нарийн судалгаа байхгүй.

Хятадын засгийн газар өнгөрсөн онд агаарын бохирдолтой “дайн” зарлаж байв. Бээжин хүлэмжийн хийг бууруулах зорилгод хүрэхэд 6.6 их наяд ам.доллар зарцуулна хэмээн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт оролцогч Бээжингийн албаны хүн мэдэгдэж байв.

Улмаар Хятад өнгөрсөн онд нийт 27 сая тонн төмөр боловсруулах хүчин чадал бүхий хуучирсан төмрийн үйлдвэрүүдийг хаажээ. 27 сая тонн төмөр гэдэг нь Италийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай тэнцэх хэмжээ бөгөөд энэ нь Хятадын төмрийн үйлдвэрлэлийн 2.5 орчим хувь аж. Түүнчлэн 42 сая тонны хүчин чадал бүхий хуучирсан цементийн үйлдвэрүүдийг хаасан юм.  Харин Монголд “утаагүй” зуух тарааж, цахилгааны хөнгөлөх замаар цахилгаан халаалтын системийг дэмжиж, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр зарлагдсан.

Хятадын засгийн газраас нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд ирэх 10 жилд түүхий нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй. Одоохондоо нүүрс Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн гуравны хоёрыг бүрдүүлсэн хэвээр. Харин 2020 он гэхэд Хятадын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг боловсруулсан нүүрс бүрдүүлэх гэнэ.

Хятадын дарга Парист Бээжингийн агаарын бохирдлыг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч байгааг НҮБ-ын бага хурлын үеэр мэдэгдсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурал Парист өнгөрсөн долоо хоногт эхэлж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон 100 гаруй орны төр засгийн тэргүүнүүд хуран чуулжээ. НҮБ-ын хурлаас хүлээгдэж буй гол үр дүн бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээг батлах явдал юм.

Ван Рензенг 2013 оноос хойш “нэг залуу-утааны эсрэг” кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн байна. Тэрбээр утаагаар тоосго бүтээж болно хэмээн өнгөрсөн долдугаар сард нэгэн рестораны эзэнтэй 10 мянган юаниар мөрий тавьсан аж. Үүний дараа Ван Рензенг Шанхайн цахилгаан барааны үйлдвэрээс 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогчийг захиалан өвлийн улирал эхлэхийг хүлээжээ. Өвөл болж саарал утаа Бээжинг бүрхэж эхэлмэгц тэрбээр агаар соруулах ажилдаа орсон байна. Тэрбээр 100 хоногийн турш агаар соруулахдаа Бээжинд 60 юанийн хоногийн хөлстэй зочид буудалд байрлаж ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26778
0 эможи
keyboard_arrow_up