Хятад цэргийн баазаа Африкт байгуулна
Африкийн Жибути улстай Хятад 10 жилийн гэрээнд гарын үсэг зурснаар цэргийн бааз байгуулна хэмээн АНУ-ын Африкт байрладаг зэвсэгт хүчний командлагч Дэвид Родригес ярьсан байна.
Бээжингийн зүгээс түүний энэхүү мэдэгдлийг баталсангүй. БНХАУ-ын гадаад явдлын төлөөлөгч Хун Лэйшийн мэдээлснээр одоогийн байдлаар хэлэлцээр явагдаж байгаа гэнэ. “Хятад Жибутитай найрсаг харилцаатай. Одоогийн байдлаар бид хангамж хариуцсан цэг байгуулах тухай зөвлөлдөж байгаа” хэмээн тэрээр онцолсон байна.
Далайн цэргийн дэд бүтэцтэй болсноор олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа өндөр түвшинд биелүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Хятадын зүгээс онцгойлон анхаарч байгаа юм.
Жибути улс Африкийн зүүн хэсэг, Адены хоолойн орчим байрладаг бөгөөд ашигтай байршилтай учир Суэцийн хоолойгоос эхлээд тэнгисийн замыг хяналтдаа байлгах боломжтой. Сомалийн дээрэмчдийн эсрэг тэмцэж эхэлснээс хойш тус улс холбоотон улсуудад боомтоо ашиглуулах болжээ. Мөн Жибутид Итали, АНУ, Франц, Япон, Пакистаны цэргийн объектууд байрладаг юм байна.