ДЭЛХИЙ ДАХИНД: Турк, Оросын харилцаанд ан цав үүслээ

2015 оны 11 сарын 28

Энэ сарын 24-нд Туркийн агаарын хүчнийхэн F-16 сөнөөгч онгоцоор Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөлөө. Оросын онгоц Туркийн агаарын хилийг зорчиж, түүнийг орхин гарах анхааруулгыг хүлээн аваагүй учир сөнөөсөн гэдгийг Туркийн талаас мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар Оросын сөнөөгч онгоц 6000 метрийн өндөрт, Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхдаа "агаар-агаар" пуужингийн тусламжтайгаар Туркийн F-16 сөнөөгч онгоцоор сөнөөгдсөн. Тухайн үед онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд байсан. Энэ бол террористуудын хамсаатнууд бидний "ар нуруу руу хутгалсантай" нэгэн адил гэж мэдэгдсэн юм. Оросын онгоцны ослын дараа хоёр улсын харилцаанд ан цав гарлаа. ОХУ Турк улстай тогтоосон цэргийн харилцаа холбоогоо зогсоож, Турк, Орос улсуудын хооронд визгүй зорчих дэглэмийг цуцлах шийдвэр гаргалаа.

Оросын Су-24 сөнөөгч онгоцыг Туркийн талынхан сүйрүүлсэн үйлдлийг эсэргүүцсэн хэдэн зуун Оросууд Москва хот дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгууллаа. Эсэргүүцэгчид 15 минутын турш дипломат төлөөлөгчийн байр руу чулуу, өндөг, улаан лооль болон будаг шидэн танхайрчээ. Үүний улмаас дипломат төлөөлөгчийн газрын нэг, хоёр давхрын 15 цонх хагарсан байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Турк, ОХУ-ын улс төр, эдийн засгийн харилцаа хурдацтай хөгжиж, хоёр орны хоорондын нийт барааны эргэлт бараг 10 дахин нэмэгдсэн. Туркийн гадаад худалдааны түншүүдийн дунд ОХУ Германы дараа хоёрдугаарт жагсдаг. Гэвч Оросын Су-24 бөмбөгдөгч онгоц агаарын хилийг зөрчсөн хэмээн Туркийн нисэх хүчин сөнөөсөн явдал нь хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй гэж шинжээчид дүгнэж байна. Тэгвэл Су-24 бөмбөгдөгч онгоцны осол хоёр орны эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэнийтлэлийг уншина уу.

Украин улсын Засгийн газрын сайд нарын танхимаас Украины эрчим хүчний "Нафтогаз" компанид Оросын байгалийн хийг худалдан авахыг хориглосон тогтоолыг энэ сарын 25-нд гаргалаа.  "Нафтогаз" компаниас байгалийн хийн төлбөрөө барагдуулагуйн улмаас Оросын "Газпром" мөн 25-наас эхлэн Украин руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоогоод байсан юм. Үүний хариуд "Оросууд бидэнд байгалийн хийгээ нийлүүлэхээ зогсоож байгаа биш бид тэднээс байгалийн хий худалдан авахаа зогсоож байна. Бидний Европын түншүүдээс байгалийн хийг боломжийн үнээр Украин руу нийлүүлэх үнийн саналууд ирж байгаа" гэж хариуллаа.

Украины эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамын тулгуурт гэмтэл гарсны улмаас энэ сарын 22-ноос эхлэн тус бүс нутагт цахилгаан эрчим хүч тасарч, 1.6 сая гаруй хүн цахилгаангүй болов. Үүсээд буй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Крымд онцгой байдал зарласан юм. Крымийн эрчим хүчний системийн холбоо одоогийн байдлаар өдөрт 350 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Харин цахилгаан эрчим хүч хэвийн үед Крымийн хойгийн 900-1100 МВт хүртэлх эрчим хүч ашигладаг байжээ. 2014 оны гуравдугаар сард Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдэн орсон ч тус бүс нутгийн цахилгаан эрчим хүчний 70 хувийг Украин хангадаг юм. Ийнхүү Крымийн цахилгаан тасарснаар, бүс нутгийн оршин суугчдын харилцаа холбоо, авто замын гэрэл, худалдааны төв, дэлгүүр, зочид буудал, зарим эмнэлгийн тог бүхэлдээ тасарлаа.

Ойрхи Дорнод болон Хойд Африкийн зарим орны цагаачдыг Грекийн хилээр Македони руу нэвтрүүлэхгүй байгаа юм. Энэхүү бодлогыг эсэргүүцсэн Ираны цагаачид амаа оёж эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ сарын 18-наас эхлэн Словени, Хорват, Серб болон Македони орнууд зөвхөн зэвсэгт мөргөлдөөн, дайн дажинтай байгаа улс орнуудаас дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн. Үүнд Ирак, Сири, Афганистан улсуудын дүрвэгсэд хамаарагдаж байгаа юм. Харин бусад цагаач, дүрвэгсдийг  эдийн засгийн дүрвэгсэд хэмээн хэмээн нэрлэж, Европын орнууд руу хүлээн авахаас татгалзав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26673
0 эможи
keyboard_arrow_up