ОХУ-ын онгоцонд тэсрэх бөмбөгийг 15-тай охины суудал дор байрлуулсан байжээ
Синайн хойг дээр нисч яваад сүйрсэн ОХУ-ын онгоцоор зорчиж явсан 15 настай охины суудал дор тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг мэргэжилтнүүд олж тогтоожээ.
www.dailymail.co.uk”-д мэдээлснээр, нэг кг орчим TNT тэсрэх бөмбөгийг 15 настай Мариа Ивлева гэх охины суудал дор байрлуулсан байсан аж.
Зорчигчдоос хамгийн түрүүнд амиа алдсан Мариа Ивлева охин “31А” суудалд, түүний ээж “31В” суудалд суун зорчиж явжээ. Мөн “30А” суудалд 77 настай Надежда Башакова зорчиж явсан байна. Тэрбээр охин Маргарита Симановагийн /30В/ хамт Санкт-Петербург руу буцаж явжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын засгийн газар нисэх онгоцыг сөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн мэдээлэлд 50 сая ам.долларын шан амалсан билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэмт этгээдүүдээс өшөө авахаа илэрхийлсэн. Тэрээр “Орос орон гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ямар нэг бодитой шалтгаангүйгээр үйлдсэн зэрлэг балмад алан хядах гэмт хэрэгтэй өмнө нь ч нүүр тулж байсан. 2013 оны сүүлээр Волгоградын галт тэрэгний буудалд гарсан дэлбэрэлт үүний нэг жишээ.
Бид хэнийг ч, юуг ч мартаагүй байна. Тэдгээрээс хамгийн их цус асгаруулсан гэмт хэрэг нь Синайн хойгт манай иргэдийн амь насыг бүрэлгэсэн явдал боллоо. Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй. Энэ нулимс хэзээ ч хатахгүй. Бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана” гэсэн билээ.