Путин: ОХУ Иранд 5 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгээр өдрүүдэд Иран улсад төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр тэрээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани болон тус улсын дээд удирдагч аятолла Али Хаменеитэй уулзахаас гадна Байгалийн хий экспортлогч орнуудын форумын дээд хэмжээний уулзалтад оролцов.
Ираны төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа дараа Путин сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр тэрээр Орос, Иран улсуудын хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх, хоёр орны худалдааны салбарт үндэсний валютаа түлхүү ашиглах бодолтой буйгаа хэллээ.
Мөн хоёр тал аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэлээ. "Үүний тулд ОХУ экспортын зээл болгон таван тэрбум ам.доллар хуваарилахад бэлэн" гэж Путин хэлсэн байна.
Түүнчлэн хоёр улс эрчим хүч, барилга, далайн терминал, төмөр зам гэх зэрэг тэргүүлэх 35 төсөлд хамтран ажиллахаар болжээ.
Сануулахад Путин 2007 оноос хойш анх удаа Иранд айлчлал хийж байна. В.Путин үүний өмнө Тегеранд 2007 онд очиж Каспийн орнуудын уулзалтад оролцохдоо Ираны тухайн үеийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, шашны тэргүүн Хаменеи нартай уулзаж байв.
Энэ хүртэл 1943 оны Тегераны бага хурлаас хойш ЗХУ, ОХУ-ын нэг ч удирдагч Иранд айлчлаагүй билээ. 2007 оны айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлсэн боловч Дмитрий Медведевийн үед Москва Тегеранд пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэхээс татгалзсанаар эргээд муудсан юм.