“Airbus A321” онгоцонд агаарт эвдрэл гарсныг баталгаажуулжээ
Египетийн Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын “Airbus A321” онгоцонд агаарт эвдрэл гарсан гэдгийг ОХУ-ын шинжээчид баталгаажууллаа. Хэдий тийм боловч ослын шалтгааныг хэлэхэд хэтэрхий эрт байна гэж үзсэн байна.
ОХУ-ын Иргэний нисэхийн газрын мэдээлснээр онгоцны хэсгүүд 32 хавтгай дөрвөлжин километр талбайд унасан байна. Одоогоор онгоцны хар хайрцгийг сэргээж, мэдээллийг шинжлэх ажил эхлээд байгаа аж. Египетийн талаас “Airbus A321” онгоц техникийн асуудлаас үүдэн сүйрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол “Лалын улс” бүлэглэлийн Египет дэх дагуул бүлэглэл хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн юм.
Шинжээчдийн зүгээс хэрэв террорист халдлага байсан бол онгоцны дотор тэсрэх бөмбөг дэлбэлсэн байх магадлал өндөр гэж үзэж байна. ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн Санкт-Петербург чиглэлийн “Airbus A321” нисэх онгоц бямба гарагт Египетийн Шарм-эль-Шейх амралт сувиллын газраас хөөрснөөс хойш 30 орчим минутын дараа Хойд Синайн засаг захиргааны төв Аль-Эриш хотоос урагш 100 км зайд унасан байна.
Нисэх онгоцонд 217 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүн байсан бөгөөд бүгд амиа алджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын нэгнийг “Гашуудлын өдөр” болгон зарласан байна.
Харин Египет, ОХУ-ын шинжээчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаатай зэрэгцээд дэлхийн томоохон авиа компаниуд Синайн хойгт нислэг үйлдэхээс зайлсхийж байна.