ОХУ-ын “Аэробус А-321” онгоц Синайн хойгт сүйрчээ

2015 оны 11 сарын 02

Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербургийн чиглэлд 200 гаруй хүнтэй нислэг үйлдэж явсан Оросын иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэн эмгэнэлт хэрэг гарлаа. Оросын “Когалым-Авиа” нисэх компанийн “Аэробус А-321” онгоцонд 217 зорчигч, нисэх багийн 7 гишүүн, нийт 224 хүн явжээ. Синайн хойгийн төв хэсэгт онгоц сүйрсэн газрыг тогтоосон, одоо аврах хайх ажил явагдаж байна. Онгоцонд нийт 17 хүүхэд явсны 5-ынх нь цогцсыг олсон мэдээтэй байна.

Египетийн цэргийн нисэх хүчнийхэн Эль-Ариш хотоос хойшоо 100 км зайтай онгоц унасан газрыг олж бүслэн хаасан, онгоцны хэлтэрхийнүүд олдсон тухай “Аль-Арабия” телевиз египетийн хүчнийхнээс иш татан өмнө нь мэдээлж байсан юм. Нэмж ирсэн мэдээллээр онгоц бүрэн сүйдсэн, амьд гарсан хүн байх магадлал бараг үгүй юм байна. Өнөө өглөө эрт Шарм-эш-Шейхийн “Улаан тэнгис” амралт сувиллын хотоос хөөрсөн онгоц 23 минутын дараа Киприйн Ларнака хот орчимд нисч явахдаа газрын албатай холбоо тасарч, радараас алга болсоныг Оросын Агаарын тээврийн Холбооны агентлаг мэдэгдэж байсан юм.

Нислэгийн хөдөлгөөн удирдах төвтэй холбоо тасарсан уг онгоцны ахмад онгоцоо радараас алга болохын өмнөхөн, тухайн үед хамгийн ойр байсан Каирын нисэх буудлын хяналтын төвтэй холбогдож, техникийн саатал гарсан учир  ослын буулт хийх хүсэлт гаргажээ. Дараахан нь онгоц бүрэн холбоо тасарч, радараас алга болохынхоо өмнө минутад 1700 метрийн хурдтайгаар өндрөө алдаж эхэлснийг холбогдох албаны эх сурвалжууд Оросын ТАСС агентлагт мэдээлж байна.

Энд дурдахад, Синайн хойг бол Египетэд ээлжит төрийн эргэлт гарсны дараа 2011 оноос эхлэн үйл ажиллагааг нь хориглосон “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжигч алан хядагчид болон Египетийн эрх баригчдын хоорондох хямралын бүсэд тооцогддог. Энэ бүс нутагт исламистууд Египетийн зэвсэгт хүчин болон цагдаагийнхны эсрэг байнга халдлага, алан хядах ажиллагаа үйлддэг. Тэр ч утгаараа онгоцыг исламын хэт даврагчид сөнөөсөн байж болзошгүй гэдэг хувилбар яригдаж байсан боловч Египетийн хууль сахиулагчид тэгж дүгнэх үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна. Харин хөдөлгүүр саатсанаар онгоц хяналтаас гарсан нь сүйрлийн шалтгаан болсон байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлтийг Египетийн холбогдох албаныхан хийж байгаа юм байна.

Энэ зуур осолдсон онгоц газардах ёстой байсан Санкт-Петербургийн “Пулково” нисэх буудалд сүйрсэн онгоцны зорчигчдын төрөл төрөгсдөд туслах штаб байгуулсан байна. Оросын онц байдлын яамны Сэтгэл зүйн яаралтай тусламжийн төвийн мэргэжилтнүүд мөн Пулково-д хүрэлцэн очсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онгоцны сүйрэлд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн ерөнхийлөгч энэ онгоцны сүйрлийн хэрэг холбогдуулж Улсын комисс байгуулж ажиллахыг ерөнхий сайд Дмитрий Медведевт үүрэг болгожээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26114
0 эможи
keyboard_arrow_up