Хятадуудыг эхнэрээ хуваалцах санал гаргав
БНХАУ-д ажиглагдаж буй хүйсийн ноцтой тэнцвэрт бус байдлыг “засахын тулд” Жэжян Их сургуулийн профессор Сэ Зоши эрчүүдэд эхнэрээ хуваалцахыг санал болгосон талаар The New York Magazine мэдээллээ.
Түүнчлэн тэрээр эрэгтэй хүмүүс өөр хоорондоо гэрлэхийг хуульчлахыг санал болгосон байна. Эрдэмтний үзэж буйгаар таван жилийн дараа гэхэд Хятадад 30 сая гаруй ганц бие эрчүүдтэй болох юм.
Сануулахад Хятадын Засгийн газар 1979 оноос хойш "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогыг хэрэгжүүлж байсан билээ. Үүний улмаас хүйсийн тэнцвэрт бус байдал үүссэн. Тодруулбал Хятадад 117 хүүд 100 охин ногддог байна.
Сэ Зоши энэхүү асуудлыг эдийн засгийн талаас авч үзсэн гэсэн юм. Эдийн засгийн байдал нь муу ядуу эрчүүд гэр бүл зохиоход хүндрэлтэй байдаг тул заримдаа ийм хүмүүс насан туршдаа ганцаараа амьдрах, үр удмаа үлдээж чадалгүй хорвоог орхих тохиолдол цөөнгүй байдаг гэж эрдэмтэн хэллээ.
"Хүйсийн тэнцвэргүй байдлын улмаас эмэгтэйчүүдийн үнэ цэнэ өсөж байна. Ганц бие эрчүүдэд орлого, эдийн засгийн хүндрэлтэй бас учирч байна. Учир нь өндөр орлоготой эрчүүд эхнэртэй болох магадлал өндөр. Тэгвэл мөнгөгүй хүмүүс юу хийх вэ? Энэхүү асуудлын шийдэл нь эрчүүд өөр хоорондоо эхнэрээ хуваалцах. Энэ зөвхөн миний санаа биш. Төвөөс алслагдсан зарим бүс нутгуудад ах дүү нар өөр хоорондоо эхнэрээ хуваалцан, нэг гэр бүлд аз жаргалтай амьдарч байна" хэмээн профессор өөрийн блог дээрээ бичжээ.
Түүний энэ санал улс даяар маргаан дагуулж, олны дургүйцлийг хүргэв. Хүмүүс Жэжян Их сургууль руу залган санал гомдол гаргаснаар профессор блог дээр бичсэн зүйлээ устгажээ.