Си даргад бөхөлзөх Лондон

2015 оны 10 сарын 19

БНХАУ-ын дарга Их Британид төрийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Лондонд хүрэлцэн очлоо. Хятадын даргыг бизнесменүүдийн том бүлэг дагалдан явж байгаа ч айлчлалын эдийн засгийн үр дүн ямар болохыг шинжээчид хэлж чадахгүй байгаа юм.

 

Сүйх тэргээр хатан хаантай мэндлэхээр очно

 

Албан ёсны айлчлал нь аравдугаар сарын 20-нд буюу маргааш эхлээд баасан гариг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ Хятадын лидерийн онгоц аравдугаар сарын 19-нд Британийн нислэлд газардлаа. Хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж байна хэмээн уг айлчллын талаар Хятадын хэвлэлүүд онцолж байна.

 

Бээжин, Лондон хоёр энэ айлчлалыг ихээхэн чухалчилж буй нь олон зүйлээр илэрч байна. Си Жиньпиний энэ удаагийн айлчлал түүний өмнөх дарга Ху Жиньтаогийн 2005 онд хийсэн айлчлалаас 10 жилийн дараа болж байна.Хятадын дарга алтан сүйх тэргээр Хаантны морьт гвардийн талбайд ирж хатан хаантай мэндлэх юм.

 

Хожим Букингемийн ордонд үдийн зоог барих ёслолтой бөгөөд түүнд нь хаан ширээ залгамжлагч жонон Уильям түүний гэргий Кембрижийн герцогийн ахайтан Кейт, мөн тэргүүлэх улстөрчид оролцох юм. Тэр өдрийнхөө орой Си Жиньпин ордонд өөрт нь зориулсан дайллагад оролцоно.

 

Британид хийж байгаа айлчлал нь ердийн нэг үйл явдал биш гэдгийг Бээжин мөн үзүүлж байна. Орон нутгийн хэвлэл онцолсноор, Хятадын дарга хол газар явсных гээд тэр хавийн өөр орноор орохгүй шууд буцан ирж байгаа гэнэ.

 

Хятадын хөрөнгө оруулалтыг хүртэхийг тэд хүсч байна

 

Их Британийн дэлхийн дөрөв дэх худалдааны түнш Хятадтай харилцаагаа бэхжүүлэх сонирхол Кэмероны засгийн газарт бий. Сүүлийн таван жилд Хятадад хийж байгаа экспорт нь 10 тэрбумаас 23 тэрбум доллар болжээ. 2030 он гэхэд тэр хэмжээгээ 30 тэрбумд хүргэхээр британчууд төлөвлөсөн нь Хятадыг Британийн экспортын хоёр дахь том зах зээл болгох ёстой.

 

Бусад орнуудад оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалтын бялуунаас хуваалцахад Их Британи илүү их хүчин чармайлт гаргана. Тэдний хоорондын хөрөнгийн эргэлтийг ойрын 10 жилд 1,25 их наяд долларт хүргэхээр төлөвлөснөө Си Жиньпиний айлчлалын өмнө Британи хэлээд байгаа билээ.

 

Өнгөрсөн онд Их Британи Хятадын 12 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм. Тэр нь Герман, Франц хоёр нийлэн татсанаас ч илүү их мөнгө байлаа. Гэхдээ Лондон үүгээр ханаад зогсох хүсэлгүй байгаа нь ойлгомжтой. Есдүгээр сард Хятадад айлчилсан Британийн Сангийн сайд Жорж Осборн Хятадын бизнесийг “халуун дотноор хүлээн авна” гэсэн баталгааг өгсөн билээ. Тэрээр Баруун дахь Хятадын шилдэг түнш нь Их Британи байна гэж хэлж байлаа.

 

Английн сурагчид хятад хэлийг идэвхтэй сурна гэж Осборн амлаад энэ зорилгоор 10 сая фунт стерлингийг гаргахаар амласан юм. Хятад хэл сурсан хүмүүсийн тоог 2020 он гэхэд 5000 болгох гэнэ.

 

Хөрөнгө оруулагчдыг хаашаа дуудна вэ?

 

Английн Сомерсет гүнтний нутгийн Хинкли- Пойнтад босгох Атомын цахилгаан станцын үнэтэй төсөлд Хятадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Осборн хоёр тэрбум фунтын баталгааг Бээжингийн хөрөнгө оруулалтад амлаад байна. Энэ төсөлд хятадуудыг оролцуулахын эсрэг Британийн МИ-5 сөрөг тагнуулын алба зогсч байгаа ч айлчлалын үеэр гэрээнд гарын үсэг зурагдаж магадгүй. Энэ нь барууны цөмийн байгууламжид хийх Хятадын анхны хөрөнгө оруулалт болох юм.

 

Өөр нэг томоохон төсөл нь 11,8 тэрбум фунтын ($18,2 тэрбум доллар) өртөг бүхий Лондонг Хойд Англитай холбон хурдан галт тэрэгний зам юм. Энд мөн Хятадын хөрөнгө оруулалтыг татах сонирхол Осборнд бий.

 

Зөвхөн эдийн засаг ч биш

 

Ер нь бол айлчлал дандаа хөрөнгө мөнгөтэй холбоотой биш. Энэ арга хэмжээгээр хоёр орны улс төрийн салбарын харилцаа сайжирч буйг харуулах ёстой. Британийн ерөнхий сайд 2012 онд Далай ламыг хүлээн авснаас хоёр орны харилцаа хүйтэрсэн байв. Бээжин Далай ламыг салан тусгаарлагч гээд эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Аравдугаар сарын 21-нд Си Жиньпин Их Британийн ерөнхий сайд дэвид Кэмерон хоёрын хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна. Дараа нь Хятадын хүндэт зочин Британийн парламентад үг хэлэх болно. Мөн сөрөг хүчний Лейборист намын шинэ лидер Жереми Корбинтай уулзах юм. Шинэ лидер Си даргатай Хятад дахь хүний эрхийн асуудлаар ярилцахаар амлачихсан суугаа.

 

Английн хойд нутгийн Манчестер хотод БНХАУ-ын дарга Манчестерийн их сургуулийн дэргэдэх Графений үндэсний хүрээлэнд очиж дараа нь “Манчестер-Сити” багийн хөлбөмбөгийн тоглолтыг үзснээр Си Жиньпиний Их Британид хийж байгаа айлчлал аравдугаар сарын 23-нд төгсөх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25847
0 эможи
keyboard_arrow_up