БНХАУ-ын эдийн засаг 6.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас өндөр байлаа

2015 оны 10 сарын 19

Шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлтийг 6.8 хувьд хүрч буурна гэж таамаглаж байсантай харьцуулахад бодит өсөлт бага зэрэг давлаа.

 

Хятад улс 2008-2009 оны хямралын үеэр 4 тэрбум юанийн сангийн тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь өсөлтийг богино хугацаанд 6 хувиас 12 хувь хүртэл өсгөж чадсан юм. Гэвч энэ нь эдийн засгийн жам ёсны өсөлт бус, эрчимжүүлэх бодлогын нөлөө байсан учир өсөлт тасралтгүй буурсаар ийнхүү 6.9 хувьд хүрлээ.

Харин ерөнхий сайд Ли Кэцян хамгийн сүүлд “2015 онд өсөлтийг 7 хувьд хадгалахаар зорьж байгаа ч амар ажил биш” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Өсөлт ийнхүү буурахад дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширсан, Хятад улс авлигатай хүчтэй тэмцэж байгаа нь дотоодод тогтвортой бус байдал үүсгэж болзошгүй, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт буурсаар байгаа болон гадаад эрэлтэд тулгуурласан эдийн засгаас дотоодын хэрэглээнд суурилсан эдийн засгийг бий болгох бүтцийн шилжилт хийж байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.Тус улсын аж үйлдвэрийн салбар агшиж байгаа ч үйлчилгээний салбар өсөлттэй хэвээр байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хятадын үйлдвэрлэлийн салбарын хангамжийн менежерийн индекс

Хятадын үйлчилгээний салбарын "хангамжийн менежрийн индекс"

МӨНГӨНИЙ ТЭЛЭХ БОДЛОГЫН НӨЛӨӨ СУЛ БАЙНА

Эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш таван удаа бууруулсан ч бодит үр дүн төдийлөн ажиглагдахгүй байна. Мөн богино хугацаат зээлийн хүүг бууруулсан ч банкууд эдийн засагт зээлийн нийлүүлэлтийг төдийлөн нэмэгдүүлэхгүй байгаа юм. Ийм нөхцөлд засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх сангийн тэлэх бодлого явуулна гэсэн хүлээлтийг шинжээчид хийгээд байна.

АРВАН ГУРАВ ДАХЬ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУН ЧИГЛЭХ ВЭ?

Хятад нь 1953 оноос эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр батлан, хэрэгжүүлж ирсэн. 2011-2015 онд арван хоѐр дахь таван жилийн төлөвлөгөө хэрэгжсэн бөгөөд үр дүнг нь 2013 оны наймдугаар сараас дүгнэж эхэлжээ. Үүний дараа 2014 оны дөрөвдүгээр сард “Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо”-ноос дараагийн төлөвлөгөөг боловсруулах судалгааны талбаруудыг тодорхойлжээ. Ингээд 2015 оны эхэнд арван гурав дахь таван жилийн төлөвлөгөөний “Ерөнхий чиглэл”-ийг боловсруулж дуусчээ. Харин одоо Хятадын Коммунист Намын Арван Найм Дахь Төв Хорооны Тавдугаар Бүгд Хурал болж байгаа бөгөөд уг хурал нь ирэх таван жилийн төлөвлөгөөг батлахаас өмнөх хамгийн том хурал юм. Уг хурлаар төлөвлөгөөний талаар ихээхэн хэлэлцүүлэг өрнөнө гэсэн хүлээлттэй байна. Үүний дараа нэгдүгээр сар хүртэл “Үндэсний Экспертүүдийн Хороо” нь төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсруулна. Ийнхүү ирэх оны хоѐрдугаар сар хүртэл таван жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, эцэслэх юм.

Энэ хугацаанд ерөнхий сайдын зүгээс уг төлөвлөгөөний талаарх иргэдийн санал бодлыг хүлээн авна. Ингээд гуравдугаар сард төлөвлөгөөг “Ардын Их Хурал”-аар батлах юм. Төлөвлөгөөг баталсны дараа хэрэгжүүлж эхлэх бөгөөд холбогдох яам, бүс нутаг, алба хэлтэс, байгууллагуудад зорилго, зорилтуудыг хүргэж, үүрэг хариуцлагыг нь ногдуулна. Мөн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний системийг байгуулах юм.

“Арван гурав дахь таван жилийн төлөвлөгөө нь реформ ба инновацид тулгуурласан эдийн засгийн хөгжлийг бий болгоход чиглэнэ гэж ерөнхий сайд Ли Кэцян” хэлжээ. Мөн тэрээр “төлөвлөгөөний бас нэгэн чухал хэсэг бол авилгын эсрэг хэрэгжүүлэх ажил байх болно” гэв. Харин эдийн засгийн дундаж өсөлтийг 6.8 хувь байлгах талаар хэлэлцэж байна. Тэгвэл ерөнхийлөгч Ши Жиньпин “аж үйлдвэрийн салбарыг нөөцөд тулгуурласан бус инновацид тулгуурласан илүү үр ашигтай, бүтээмж өндөртэй болгоход анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

ХӨРӨНГИЙН ЗАХЫН ХӨӨС ХАГАРЛАА

Эдийн засгийн өсөлт буурсаар байхад нэг жилийн хугацаанд Шанхайн индекс 150 хувиар өсөөд байлаа. Өөрөөр хэлбэл, хөөсрөлт үүсээд байсан юм. Ийнхүү зургаа дугаар сард хөөс хагарч Шанхайн нэгдсэн индекс гурван долоо хоногийн дотор 35 орчим хувиар унав.

Хөрөнгийн захын уналтыг тогтоохын тулд засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь засгийн газар өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авч эрэлтийг үүсгэх замаар зах зээлд итгэх итгэлийг сэргээх явдал байлаа. Гэвч эдийн засгийн суурь үзүүлэлтүүд муудсаар байсан тул сар хагасын дараа дахин уналт тохиож дахин 17 хувиар унав.

ДҮГНЭЛТ

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 32 хувийг, капиталын зарцуулалтын 30 хувийг, зэсийн хэрэглээний 40 гаруй хувийг, нүүрсний хэрэглээний 50 орчим хувийг дангаараа бүрдүүлэгч, дэлхийн хоѐрдахь том эдийн засагт нийт экспортынхоо 90 хувийг нийлүүлдэг, үүний 90 хувийг нь түүхий эд эзэлдэг Монголын хувьд хөршийнхөө эрүүл мэндийг сайтар ажиглах зайлшгүй нөхцөл байдал үүсээд багагүй хугацаа өнгөрлөө.

Хятадын эдийн засгийн ирээдүйн төлвийг өөрийн орны улсын төсөв, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлоход ашиглах, шинжээчид нь бизнесийн компанийнхаа төлөвлөгөөг боловсруулах дунд урт хугацааны хүчин зүйл болгон хэрэглэх шаардлага тулгарч байна.

Хятадын эдийн засаг муудах нь хамаагүй. Яагаад гэвэл би Хятад хүн биш гэж бодох нь дэндүү гэнэн явдал болно. Учир нь энгийн жишээ хэлэхэд, дэлхийн эдийн засгийн 0.015 хувийг эзэлдэг Монгол байтугай 1/5-ийг эзэлдэг АНУ-ын төв банкны шийдвэрт Хятад нөлөөлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25846
0 эможи
keyboard_arrow_up