БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын ахмад дайчдыг шагнав
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын ахмад дайчдын төлөөлөл болгож таван ахмад дайчинд "Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль" гардуулахаар зарлиг гаргасан байна.
Тодруулбал, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана гэсэн таван ахмад дайчинд ялалтын ойн хүндэт медалийг өнөөдөр 17.00 цагт БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр гардуулна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний зүгээс зөвхөн Монгол Улсын дайчдад талархлаа илэрхийлэн энэхүү медалийг гардуулан өгч байгаа юм.
Ойн медалийг ахмад дайчдаас гадна БНХАУ-ын Бээжин хотын талбайд цэргийн ёслолын жагсаалд ёслол төгөлдөр оролцсон Монголын 80 гаруй дайчинд гардуулж өгөөд байна. Дашрамд сонирхуулахад, Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлигаараа Монголын ахмад дайчдад ойн медаль гардуулан өгсөн билээ.