Сочигийн наадмын нээлтэд оролцох хүндэт зочдын тоо урьдынхаас гурав дахин их байна
Сочигийн Өвлийн Олимпийн наадмын хүндэт зочдын тоо Ванкуверийн Олимпийн наадамд оролцсон зочдын тооноос гурав дахин их байгаа талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.
Энэ жилийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд олон улсын төр засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлага нийлсэн 65 хүн оролцох юм байна. Тэдний нэг болох БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин пүрэв гарагт Сочи хотноо хүрэлцэн очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.Түүнчлэн Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах Сочи хотноо хүрэлцэн ирээд байгаа хүндэт зочдын нэг болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд Олимпийн наадмын бамбарыг шилжүүлэн өгсөн байна. Үүний дараа Бан Ги Мун Олимпийн бамбарыг Сочи хотоор аялуулжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ үеэр илтгэл тавьж, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахыг буруушаасан байна. Тэрбээр "Бид ижил хүйстнүүд рүү давшлахыг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэх ёстой. Тэднийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөг нь хязгаарлан баривчлахыг тэвчиж болохгүй. Үүнтэй холбоотой олон асуудал байгаа гэдгийг би мэднэ.Үүний зэрэгцээ ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй гэдгийг баталсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд талархаж байна.
Тэр Олимпийн наадамд оролцох бэлгийн өөр өөр сонирхолтой хүмүүсийг бүгдийг нь талархан хүлээж авахаар болсон" хэмээн онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зэрэг зарим орны төр засгийн тэргүүн Сочигийн Олимпийн наадмын ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Сочигийн Олимпийн хамгаалалтыг чангатгах зорилгоор 40 мянга гаруй цагдаа, цэргийн албан хаагч ажиллаж байгаа аж. Хэдий тийм боловч зэвсэглэсэн бүлэглэл шүдний ооны саванд тэсрэх бодис хийж ОХУ руу нэвтрэх гэж оролдож магадгүй хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газраас анхааруулсан байна. Харин үүнийг ОХУ-ын Шадар сайд Дмитрий Козак үгүйсгэж, ийм аюул заналхийлээгүй гэж мэдэгдлээ. ОХУ-ын Шадар сайд Дмитрий Козак "Бид энэ мэдээллийг шалгасан. Хэрэв энэ үнэн бол манай хүчний байгууллагынхан маш сонор сэрэмжтэй ажиллана гэсэн үг. Заналхийлэл болон болзошгүй аюулын талаарх бүхий л мэдээлэл нь биднийг Олимпийн наадам болон Сочи хотын аюулгүй байдлыг шаардлагатай түвшинд хангахыг шаардаж байна. Бид аюулгүй байдлыг баталгаа өгч чадна. Бид боломжит бүх зүйлийг хийж байгаа" гэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдлыг хангах зорилгоор ОХУ-ын нисэх онгоцны буудлаас хөдөлж байгаа болон дамжин өнгөрч байгаа зорчигчдыг шингэн зүйл авч явахыг хориглох шийдвэрийг ОХУ-ын Тээврийн яамнаас гаргаад байгаа юм. Энэхүү хориг нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.