Хятадууд ухаалаг утсанд донтох явдлын эсрэг тэмцэж байна
Хятад улсад 500 гаруй сая ухаалаг утас хэрэглэдэг хүн бий гэдэг. Энэхүү ухаалаг утас болон төхөөрөмж нь хүний амьдралыг илүү хялбар, таатай болгодог ч хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсэнээр гар утаснаас хэт хараат болох асуудал үүсч байна. Тиймээс Хятадад ухаалаг утсанд донтох явдлыг таслан зогсоох зорилготой хөдөлгөөнүүд гарах нь их болжээ.
Ван Шен гэх эр гар утасгүйгээр аялах ер бусын явган аяллыг зохион байгуулжээ. Тэд гар утасгүй явах ганц дүрмийг л биелүүлэх ёстой бөгөөд энэхүү арга хэмжээг сар бүр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэрээр үүгээрээ дамжуулан ард иргэдийг байгальтай илүү ойртуулж, ухаалаг утаснаас хараат байдлыг нь багасгахыг хүссэн байна. Хүмүүс аяллаас буцаж ирээд эргээд л хэвийн амьдралын хэвшилдээ орно. Гэхдээ тэд илүү шинэлэг зүйлийг мэдэрсэн байх болно гэж тэр үзэж байгаа юм. Оролцогчид ч дуртайяа өөрсдийгөө нийгмээс таслах сонголтыг хийж байгаа аж. Бид минут бүрт утсаа шалгадаг зуршилтай болсон бөгөөд шалгахгүй л бол мэдээллээс хоцорсон мэт сэтгэгдэл төрдөг болсон хэмээн нэгэн оролцогч нь ярьжээ.
Түүнчлэн график дизайнер мэргэжилтэй Инь Хаолонг хэт их цагийг ухаалаг утсаа ширтэхэд зарцуулж байгаа учраас өглөө босоод л мэдээллийнхээ дууг хааж, өдөрт утсаа 3-аас илүү шалгахгүй байхаар шийджээ. Ингэж эхэлснээр түүний цаг илүү үр ашигтай өнгөрөх болсон байна. Хотод амьдардаг хүн бүрд энэ асуудал тулгарч байгаа бөгөөд завгүй амьдралын хэвшлээсээ түр зуур ч болов "зугтах" хэрэгтэй гэж тэр үзэн нийгмийн сүлжээнээс хараат бус байх хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэ хөдөлгөөн нь хүлээж байснаас нь илүү их үр дүнд хүрч байгаа аж.
Мөн Бээжинд байдаг нэгэн ресторан ухаалаг утсанд донтохын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн байна. Тус рестораны захирал Ли Ганг хүмүүс хооллох үедээ хэт их утсаа оролдож, тэр ч байтугай найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сууж байгаа хирнээ л утсаа оролдож, хэн нэгэнтэй харилцаж, зургаа авч байгааг нь хараад энэхүү санаачилгыг эхлүүлсэн аж. Тэд Даваа гараг бүр хооллох үедээ утсаа сагсанд хийлгэхийг зөвшөөрсөн хүн бүрд 50%-ийн хөнгөлөлттэй үйлчилж байгаа гэнэ. Үйлчлүүлэгчид ч үүнийг маш таатай хүлээж авсан бөгөөд тэдний 80% нь дуртайяа оролцсон байна. Харин зарим хэрэглэгчид утасгүйгээр хооллохдоо итгэлгүй байв. Мөн утсаа сагсанд хийлгэсэн ч утсаа буцааж авахын тулд хоолоо маш хурдан идсэн тохиолдол ч гарсан гэнэ.
Ийнхүү Хятад улсад ухаалаг утаснаас "зугтаах" аян шил дараалан гарч байна. Богино хугацаанд ч болов гар утаснаасаа салах гэж хичээж байгаа нь амьдралынхаа хэв маягийг эргэн нэг харах боломжийг хүмүүст олгож байгаа аж.