БНХАУ саран дээр бааз байгуулахыг хүсэж байна
Өчигдөр дэлхий нийт хоёр хуваагдаж зарим нэг нь хүн төрөлхтөн саран дээр газардсан өдрийг тэмдэглэж байхад, нөгөө хэсэг нь Америкчууд саран дээр буугаагүйг батлах гэж оролдсоор өнгөрөв. Харин одоо Америкчуудын тухай биш Хятадуудын тухай ярих гэж байна.
1970-аад оны эхээр хамгийн сүүлийн Аполло төсөл болох Аполло 17 хөлгийг сарны харанхуй хэсэгт газардуулна хэмээж байлаа. Хэдийгээр шинжлэх ухааны хувьд тун сонирхолтой ч НАСА агентлаг хүн суулгасан хөлөг тэнд газардуулна гэдэг том эрсдэл гэж үзжээ.
Харин энэ явдлаас 40 гаруй жилийн дараа БНХАУ сарны нөгөө талд хөлгөө газардуулахыг хүсэж байна. 2018 эсвэл 2019 онд газардах хөлөг дээр нь хүн биш харин тэнүүлч робот сууж явах бөгөөд хэрвээ сарны харанхуй талд хүрвэл тэнд очсон дэлхийн анхны үндэстэн болох юм.
Ингээд зогсохгүй хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэн саран дээр хүн амьдрах боломжтой судалгааны бааз байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрийг Чан Ө 4 гэж нэрлэх бөгөөд 2013 оны арван хоёрдугаар сард саран дээр зөөлөн газардсан Чан Ө 3 хөтөлбөрийн үргэлжлэл юм.
Сонирхолтой нь Европын сансар судлалын хүрээлэн мөн энэ ажилд оролцох бөгөөд одоогоор ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Бусад орнуудтай сансар судлалд хамтран ажиллах хүслээ хэзээ ч нуудаггүй БНХАУ ойрын ирээдүйд өөрсдийн сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц дээр буулгана гэдэгтээ итгэлтэй байгаа.
Үүний ачаар тэд бүр ирээдүйн Ангараг төсөлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа бол одоо саран дээр тосгон байгуулахын тулд Европын сансар судлалын агентлагтай хамтран ажиллах гэж байна.