В.Путин дэлхийн түүхэн дэх хамгийн баян төрийн тэргүүн болж магадгүй
АНУ-ын Сангийн яамнаас мэдээлж байгаагаар В.Путин “Gunvor”-т хөрөнгө оруулсан бөгөөд уг компани түүний нууц сейф байх магадлал өндөр байгаа аж. Энэ нь АНУ В.Путины нууц хөрөнгөд хориг арга хэмжээ авсныг илтгэж байна. Сүүлийн хэдэн жилийн турш Өрнийн орнуудын тагнуул, хэвлэл мэдээллийн байгууллага, ОХУ-ын сөрөг хүчин, эдийн засгийн мэргэжилтнүүд В.Путиныг тоймгүй их нууц хөрөнгөтэй гэж үзэж, үүний учрыг олох гэж хичээж ирсэн. Тэдний тооцож буйгаар, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн хөрөнгө 40-70 тэрбум доллароор хэмжигддэг бөгөөд тэрээр дэлхийн түүхэн дэх хамгийн баян төрийн тэргүүн болох юм. Гэвч үүнийг үнэн эсэхийг хэн ч баталж чадаагүй байна. “Gunvor” компани санхүүгийн хувьд В.Путинтай ямар нэг холбоогүй гэдгийг байнга мэдэгдэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 25-нд дээрх агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Харин Украины нөхцөл байдал хурцдаж, үүнтэй холбогдуулан барууны орнуудаас ОХУ-д авсан хориг арга хэмжээний ачаар В.Путины нууц хөрөнгө дэлхий нийтэд ил болох боломжтой гэж АНУ-ын “The New York Times” сонин үзэж байгаа юм байна.