2015 оны эхний улиралд 5 улсад ерөнхийлөгчийн,12 улсад парламентын сонгууль болжээ

2015 оны 3 сарын 30

2015 оны эхний улиралд 5 улсад Ерөнхийлөгчийн, 12 улсад парламентын сонгууль болжээ. Энэ сарын сүүлчээр Тувалу Улсад парламентын, Узбек Улсад Ерөнхийлөгчийн түүнчлэн Нигерид бүх нийтийн сонгууль тус тус  болохоор байна.

Узбек Улсын хууль тогтоох танхимын сонгууль 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж, нэмэлт санал хураалт нь 2015 оны  1 дүгээр сарын 4-ний өдөр тус улсын 22 тойрогт болжээ. Узбек Улсын хууль тогтоох танхимын 150 депутатын 135 нь нэг мандаттай тойрогт мажоритар системээр сонгогддог аж. Харин 15 суудлыг Узбекийн Экологийн хөдөлгөөнд хуваарилжээ.

Энэ удаагийн сонгуульд албан ёсоор бүртгэгдсэн улс төрийн дөрвөн намаас гадна бие даагчид нэрээ дэвшүүлэв.Санал хураалтаар тус улсын Либерал-ардчилсан нам 52, Ардчилсан нам-36, Ардын ардчилсан нам-27, Социал-демократ нам-20, Экологийн хөдөлгөөн-15 суудал тус тус авлаа. Энэ оны 4 дүгээр сард тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж байна.

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Шри-Ланк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болов.  Сонгууль хугацаанаасаа хоёр жилийн өмнө болжээ. Сонгуульд тэр үеийн ерөнхийлөгч Махинда Ражапакс гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлж, сөрөг хүчний эвслээс Эрүүл мэндийн сайд асан Маитрипала Сирисенагийн нэрийг дэвшүүлжээ.  Сөрөг хүчний нэр дэвшигч сонгогчдын 51,28 хувь буюу 6.217,162 сонгогчийн санал авч ялалт байгуулсан байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Хорват Улсад  болсон Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигчид 50 хувийн саналыг хэн нь ч аваагүй тул санал хураалтын хоёр дахь шат нь 2015 оны 1 дүгээр сарын 11 -нд  болов. Үүнд барууны сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабар-Китарович 1 хувийн саналаар буюу 32 мянган сонгогчийн санал илүү авч  ерөнхйилөгчийн сонгуульд ялалт байгуулсан байна. Хорват Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 4 хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд үүнээс гадна гурван нэр дэвшигч 10 мянган хүний гарын үсэг цуглуулж чадаагүй учир бүртгэгдээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын 59.06 хувь нь оролцож саналаа илэрхийлжээ.

Замби Улсад 2015 оны 1 дүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо  Ерөнхийлөгч нь таалал төгссөн учир энэхүү сонгуулийг зарлаж түүнд оролцсон гурван нэр дэвшигчээс  засгийн эрх барьж буй  “Эх оронч фронт”  намаас нэр дэвшигч Эдгар Лунгу 27, 757 саналаар буюу 1.66 хувиар илүү санал авч  тус улсын 6 дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэ сонгуульд 5.166,085 сонгогч бүртгэгдсэн байв.

2014 оны 12 дугаар сарын 25-нд  Коморт сонгуулийн кампанит ажил эхэлж, Үндэсний Хуралд 204 нэр дэвшигч, Арлын  автономит Хуралд 353 нэр дэвшигч тус тус бүртгэгджээ. Нийт 708 санал авах хэсэг байгуулагдаж, 271, 069 сонгогч бүртгүүлсэн байна. Тус улсын Үндэсний ассамблей 33 суудалтай бөгөөд Тэдгээрийн 24 нь нэг мандаттай тойргоос, бусад 9 нь Коморын автономит арлын Хурлаас сонгогддог ажээ.

2009 онд байгуулагдсан Коморын Үндэсний Ассамблейн бүрэн эрхийн хугацаа 2014 оны 4 дүгээр сард дууссан хэдий ч хэд хэдэн удаа хойшлогдож байжээ.

Энэ удаагийн парламентын сонгууль хоёр үе шаттай явагдаж, эхнийх нь энэ оны 1 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн сонгуулийн хамт, хоёр дахь шат нь 2 дугаар сарын 22-ны өдөр болов.

24 суудлаас 8-ыг нь авсан Коморын хөгжлийн төлөөх Холбоо  парламент дахь олонх болсон байна.

Ерөнхийлөгчөө сонгож чадаагүйн улмаас  хугацаанаасаа өмнө тарсан Грек улсын парламентын сонгууль  2015 оны 1 дүгээр сард боллоо. 63,87 хувийн ирцтэй болсон энэ сонгуульд 18 нам, 4 нэгдэл оролцов. Парламентын 250 депутатын мандат нь пропорционал системээр хуваарилагдаж, тэмдэглэгдээгүй болон хүчингүй хуудас мөн 3 хувийн босгыг давж чадаагүй намд өгсөн саналыг мандат хуваарилахаад тооцдоггүй ажээ. Бусдаас олон санал авсан нам парламентад нэмэлт 50 суудал авдаг юм байна. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр 7 нам парламентад суудал авч  бусдаас олон санал авсан “СИРИЗА” нам  эвслийн Засгийн газраа байгуулжээ.

2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Итали Улсын Ерөнхийлөгч Жоржо Наполитано огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэж үүний улмаас тус улсын депутатуудын Танхимын дарга Лаура Больдрини Сонгогчдын коллегийн анхны хуралдааныг энэ оны 1 дүгээр сарын 29-ны өдөр зарласан байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч огцорсоноос хойш 15 хоногт сонгуулийг эхлэх ёстой ажээ.

Сонгогчийн коллегийн 1009 гишүүнээс 630 нь депутатын Танхимын гишүүн, 321 сенатч, 58 нь орон нутгийн төлөөлөгчдөөс бүрддэг. Энэ оны 1 дүгээр сарын 31-нд болсон  дөрөв дэх санал хураалтад Сонгогчдын коллегийн 995  гишүүн оролцож тэдний 665 санал авсанаар Сержо Маттарелла Итали Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Энэ оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сент-Китсе Невист болсон парламентын сонгуулийн үр дүнгээр тус улсын Ерөнхий сайд толгойлж байсан эрх баригч Лейборист нам   гурван намыг нэгтгэсэн “Эв нэгдлийн баг” эвсэлд ялагдсан байна.

Сент-Китсе,Невисийн Үндэсний аасамблейн 15 депутатын 11 нь ард түмний шууд чөлөөт сонголтоор нэг мандаттай тойргоос сонгогддог ажээ. Бусад 4 депутатыг Английн хатан хааны томилдог амбан захирагч нь ерөнхий сайд болон сөрөг хүчний тэргүүний саналыг харгалзан томилдог бөгөөд тэдгээрийн дотор Ерөнхий прокурор багтдаг ажээ. Тэдний бүрэн эрхийн хугацаа 5 жил.

Тус улсын 55 мянган иргэний 36 мянга нь  санал хураалтад оролцохоор бүртгэгдэж парламент дахь 15 суудлын төлөө 22 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Грек улсад болсон ерөнхийлөгчийн анхан шатны  сонгууль өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд болж харин дөрөв дэх шатны сонгууль энэ оны хоёрдугаар сарын 18-нд боллоо. Ерөнхийлөгчийг Грекийн парламент 5 жилийн хугацаагаар, нууц санал хураалтаар парламентын 180 депутатын дэмжлэг авсан тохиолдолд сонгодог. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний гурван шатны санал хураалтаар нэр дэвшигч 73 настай Ставрос Димас олонхийн дэмжлэг авч чадаагүй учир парламент нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарсан байна.

Энэ оны хоёрдугаар сарын 18-нд тус улсын ерөнхий сайд Алексис Ципрасийн санал болгосон  Шинэ ардчилал намаас нэр дэвшигч Прокопис Павлопулос олонхийн дэмжлэг авч  Грек Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Лесото Улсын Үндэсний хурлын сонгууль 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр болов. 2014 онд болсон улс төрийн хямралаас үүдэн парламентын сонгууль хуульд заасан хугацаанаас хоёр жилийн өмнө болжээ. Тус улсын эзэн хаан Летсие Ш Өмнөд Африкийн Хөгжлийн нийгэмлэгийн зуучлалаар, Ерөнхий сайдынхаа зөвлөмжийн дагуу найм дахь парламентыг татан буулгаж ээлжит бус сонгуулийг зарласан байна.

Бие даасан сонгуулийн комисс нь нийт 1,2 сая сонгогчийг бүртгэсэн бөгөөд ирц 46,61 хувь байсан байна.  120 суудалтай парламентын  сонгууль холимог системээр явагдаж 10 нам  өрсөлдөснөөс Ардчилсан конгресс нам 47,Ерөнхий басутын конвенц нам 47 суудал тус тус авчээ.

Энэ сард Эстони Улсад болсон парламентын сонгууль нь 5 хувийн босготой, пропорционал системээр явагджээ. Түүний дүнд 101 депутат сонгогдсон байна. Энэ сонгуульд эстон иргэд Интернэтээр санал өгөх боломжтой байв. Сонгуульд 10 намын нэр дэвшигчид болон бие даагчид өрсөлдсөн байна. 5 хувийн босгыг 6 нам давсан бөгөөд сонгуулийн ирц 64,2 хувь байжээ.

Мажлиси намояндагон буюу Таджик Улсын парламентын доод танхимын сонгууль 2015 оны 3 дугаар сард боллоо. Бие даасан Таджик Улсын түүхэн дэх парламентын 5 дахь сонгуулиар 63 депутат сонгогдсон байна.  87, 7 хувийн ирцтэй болсон энэ сонгуульд 8 нам өрсөлдөж 51 суудал буюу 62,5 хувийн санал авсанаар Ардын ардчилсан нам олонх болсон байна. Социал-демократ нам, Ардчилсан нам, Коммунист намууд таван хувийн босгыг давж чадаагүй байна.

Энэ сарын  17-нд болсон Израиль Улсад парламентны  ээлжит бус  сонгууль нь эрх баригч улс төрийн хүчний эвсэл тарсантай холбоотой ажээ. Сонгуульд 26 нам, эвсэл бүртгэгджээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн “Ликуд” нам Ицхак Герцогийн эвсэлтэй хамтран 27 суудал авч ялалт байгуулснаа мэдэгдлээ. Ингэснээр эвслийн Засгийн газар байгуулах боломж бүрдэж байгаа ажээ.

Тус улсын Сонгуулийн төв комисс мэдэгдсэнээр сонгуулийн насны 5,8 сая иргэн байсан бөгөөд сонгуульд оролцохоо 25 нам, эвсэл  мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Ерөнхий сайд Нетаньяху гаргасан шийдвэрийг нь үл биелүүлсэн гэсэн үндэслэлээр хоёр сайдаа огцруулснаар 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Израиль Улсын парламент /кнессет/  өөрөө татан буух хууль баталсан байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19824
0 эможи
keyboard_arrow_up