Сирийн дайныг зогсоох хэлэлцээр Москвад болно
Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассадын дэглэм тус улсад дайныг зогсоох тухай ОХУ-ын шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Сирид энх тайвныг авчрах хоёр дах шатны хэлэлцээрийг ирэх сард Москвад зохион байгуулахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгч дэмжлээ хэмээн тус улсын төрийн хэвлэл “САНА” агентлаг мэдээлсэн байна.
Ассад энэхүү мэдэгдлийг ОХУ-д Сири дэх тусгай элч Азматулла Колмохаммадовтой уулзахдаа ярьжээ. Хоёр тал Сирийн дотоод асуудлын тухай хэлэлцээрийг Москвад явуулахад Дамаск болон Москвагийн хамтын ажиллагаа, хамтын шийдвэр шаардлагатай гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Сирийн засгийн газар, сөрөг хүчин болон томоохон намуудын төлөөллүүд 4 жилийн турш үргэлжилж буй дайнд шийдэл олохоор ОХУ-д зөвлөлдөх хэлэлцээр хийсэн билээ. Анхны уулзалтаар хоёр тал ОХУ-аас санаачилсан болзлуудыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдээлж байсан ч эрх зүйн хувьд баталгаажуулаагүй байсан.
“Москвагийн зарчмууд” хэмээн нэрлэгдэж буй уг баримт бичиг Сирид энх тайвныг бий болгохдоо тус улсын нэгдмэл байдал, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн үзэх бөгөөд терроризмтой тэмцэх, дайныг улс төр, энхтайвнаар солих, гадаад орнуудын оролцооноос татгалзах зэргийг тусгаж өгсөн аж. Хэрвээ хоёр дахь шатны хэлэлцээр амжилттай болвол талууд уг хэлэлцээрт гарын үсэг зурж заасан хугацаанд шаардлагуудыг биелүүлэх юм. Хоёр дахь шатны хэлэлцээрийн хугацааг нарийн тодорхойлоогүй байна.