Бээжингийн утаа хэвийн хэмжээнээс 20 дахин их байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн хотуудын агаарын бохирдлын талаар жил бүр мэдээлдэг билээ. Энэ жилийн тухайд хамгийн их утаатай хотоор мөн л Бээжин тодроод байгаа аж. Тус байгууллагын мэдээлснээр Бээжингийн утаа хэвийн хэмжээнээс 20 дахин их байгаа бөгөөд хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрээд байна гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар нэг куб метр агаарт 25 микрограмм хорт бодис агуулагдаж байгаа тохиолдолд хэвийн гэж тооцдог. Гэтэл Бээжин хотод тус үзүүлэлт 568 микрограмм болж өсчээ. Одоогийн байдлаар Хятадын Тяньжин, Хэбэй, Шаньси, Сычуань мужууд хамгийн их бохирдолтой бүс нутагт тооцогдож байна. Үүнээс гадна Иран, Пакистан, Энэтхэг зэрэг нүүрсний хэрэглээ өндөр, хүн ам ихтэй төв болон баруун Азийн хотууд агаарын бохирдол хамгийн их байгаа юм. Дашрамд дуулгахад, Хятадын Засгийн газар утааг бууруулах чиглэлд ихээхэн анхаарал тавин ажиллаж байгаа аж. Өнгөрсөн лхагва гарагт Хятадын эрх баригчид ирэх гуравдугаар сараас эхлэн томоохон хотуудын ойр орчимд газрын тос цэвэршүүлэх, ган, цементийн үйлдвэр мөн дулааны цахилгаан станц барихыг зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргажээ.