Оросууд "iPhone"-ийн өрсөлдөгчийг худалдаанд гаргана
Украйны хямралаас үүдэлтэй барууны хориг арга хэмжээ ОХУ-ын хямрал бус дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, түүнийг хөгжүүлэх түлхүүр болжээ. Нэг үгээр хэлбэл хориг арга хэмжээ оросуудын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тулгуур болсон гэж хэлэхэд болно. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих уриалгын нэгэн жишээ бол Оросын технологийн шинэ бүтээгдэхүүн болох "Yotaphone" гар утас юм. Уг гар утасны хоёр дахь загвар болох "Yota-2" гар утсыг энэ оны гуравдугаар сард анх танилцуулж байсан бол өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарч, хэрэглэгчдийн гарт очжээ. Уг гар утас анх энэ сарын гурванд Их Британи, ОХУ-д нээлтээ хийсэн бөгөөд "Google android" үйлдлийн системтэй ажээ. Таван инчийн өнгөт дэлгэцтэй энэхүү гар утас нь уламжлалт дэлгэцтэйгээс гадна ардаа "Kindle"-ийн "е-уншигч" дэлгэц болох хар цагаан "е-ink" дэлгэцтэйгээрээ онцлогтой юм байна. Е-ink нь хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авах боломжоор бүрэн хангагдсан байна. Түүнчлэн арын дэлгэцээр ямар нэгэн идэвхижүүлэлт хийхгүйгээр нийгмийн сүлжээ сайтуудад байнга холбогдох боломжоор хангагдсан байна. "Yota-2" утасны бас нэгэн давуу тал нь хоёр дэлгэц хамтдаа 50 цаг, дэлгэц нь дангаараа зургаан өдөр цэнэгээ барьдаг байна. "iPhone" утасны өрсөлдөгчөөр нэрлээд буй уг гар утас ирэх оны эхний улиралд худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд 555 фунт стерлинг байх ажээ.