Малайзын онгоцыг эрэн хайх ажиллагаанд 44 сая ам.доллар зарцуулсан байна

2014 оны 4 сарын 09

Куала Лумпураас Бээжин чиглэн ниссэн, Малайзын иргэний агаарын тээврийн Боинг-777” онгоцыг эрэн хайх ажиллагаа тав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа билээ. Энэхүү эрлийн ажиллагаанд оролцож байгаа орнууд асар их зардал гаргаж байгаа талаар гадны хэвлэлүүдэд онцолж буй юм. Тухайлбал, “Reuters” агентлаг “Онгоц алга болсноос хойш нэг сарын хугацаанд АНУ, Австрали, Хятад, Вьетнам улсаас Энэтхэгийн далай болон Хятадын өмнөд тэнгист илгээсэн эрлийн хөлөг онгоц, цэргийн нисэх онгоцны зардалд нийт 44 сая доллар зарцуулсан” гэж мэдээлжээ. Эрлийн зардал 2009 онд осолдсон Францын онгоцны эрлийн зардалтай тэнцэж байгаа аж.

“AP” агентлагийн мэдээлснээр, энэ сарын 7-ны өдрийн байдлаар эрлийн ажилд цэргийн есөн нисэх онгоц, иргэний гурван нисэх онгоц, 14 хөлөг онгоц дайчлагдсан байна. Мөн эрлийн ажилд өдөрт дунджаар 10 нисэх онгоц, 10 хөлөг онгоц, нийт 26 орон оролцож байгаа ба энэ нь түүхэн дэх хамгийн олон орон оролцсон эрлийн ажил болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Одоогоор эрлийн ажиллагааны нийт зардал ойролцоогоор 20-25 сая фунт стерлинг буюу 33-42 сая ам.долларт хүрсэн тооцоог Их Британийн “Royal United Services” хүрээлэнгийн ахлах судлаач Петер Робертс гаргажээ. Үүнд түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ажилтнуудын хөдөлмөрийн хөлс зэрэг олон төрлийн зардал багтаж буй юм байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагоны мэдээллээр тус улс эрлийн ажиллагаанд дөрвөн сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Гэтэл зөвхөн өнгөрсөн сарын 8-наас 24-ний хооронд зарцуулсан зардлын хэмжээ 3.2 саяд хүрсэн байна.

Дашрамд дурдахад, дэлхийн агаарын тээврийн түүхэнд хамгийн өндөр зардал гаргасан нь 2009 онд Рио де Жанейрогоос Парисын чиглэлд нисээд сураггүй болсон “Air France”-ын нислэг юм байна. Уг онгоцыг эрэн хайх ажиллагаа гурван жил гаруй үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор 32 сая евро буюу 44 сая ам.долларын зардал гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1252
0 эможи
keyboard_arrow_up