33 сая ам. доллартай тэнцэх хахууль авчээ

2014 оны 11 сарын 10

Хятадын төрийн нэгэн албан хаагч 33 сая ам. доллартай тэнцэх хээл хахуулиа нуусан тухай мэдээлэл ABCNEWS цахим хуудаснаа нийтлэгдлээ. Тус мэдээлэлд дурдсанаар, "Өнгөрөгч баасан гарагт Хятадын авлигын эсрэг прокурор Сюй Жиньхуэй /Xu Jinhui/-ийн сэтгүүлчдэд мэдэгдсэнээр хээл хахууль авсан хэрэгт буруутган шалгагдаж байсан Үндэсний эрчим хүчний газрын Нүүрсний асуудал хариуцсан товчооны дэд дарга Вэ Пэнгуан /Wei Pengyuan/-ийн гэрээс 200 гаруй сая юань (33 сая ам. доллар)-ыг бэлнээр олсон байна. 

Хэрэв эдгээр бүх мөнгө хятадын 100 юанийн дэвсгэртээр байсан бол энэ нь 200 метр өндөр шонтой адил, эсхүл алдарт Эйфелийн цамхагийн 2/3-тай тэнцэх өндөр, жин нь хоёр тонн гаруй байх аж. Санхүүгийн мэдээлэл нийтэлдэг “Caixin” агентлагийн мэдээлж байгаагаар уг мөнгийг тоолохоор мөрдөн байцаагчдын авч ирсэн 16 ширхэг мөнгө тоолох машины дөрөв нь эвдэрсэн байна. 

Авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа албан тушаалтнуудын гэрээс Хятадын мөрдөн байцаагчид бэлэн мөнгө хураах явдал цөөнгүй байдаг ч, энэ удаагийн мөнгөний дүн бол санаанд оромгүй их юм. Хээл хахууль авагчид хууль бусаар олж авсан мөнгөө нууцлахын тулд сейф, бие засах газар, дэрний дотор тал, будааны агуулахын доод талд, эсхүл түрээсэлж авсан байшингаа ашиглах болжээ. 

Вэ Пэнгуангийн харьяалагдах Үндэсний эрчим хүчний газар нь зарим чиг үүргийн хувьд тус улсын бодлого төлөвлөх байгууллага буюу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд харьяалагддаг юм. 

Прокурор Сюй Жиньхуэйгийн мэдэгдэж байгаагаар мөн авлигын хэргээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 11 ажилтныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдний зургаа нь олон сая юанийн хээл хахууль авсан байж магадгүй болоод байгаа ажээ.  "Тэд зөвхөн макроэдийн засгийн бодлогын төсөл боловсруулдаггүй, мөн төслүүдийг батлах эрх мэдэлтэй байдаг. Тэд олон компанийн сонирхлыг шууд хянадаг” хэмээн Сюй Жиньхуэй хэлсэн байна.

Мөн тус хорооны дэд дарга асан Люи Тиэнан /Liu Tienan/-ийн авлигын хэрэг өнгөрөгч есдүгээр сард шүүхэд шилжсэн юм. Тэрээр 2002-2012 оны хооронд нефть болон автомашин зэргийг үйлдвэрлэгч таван компаниас хээл хахуульд 36 сая юань авсан хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа юм" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11728
0 эможи
keyboard_arrow_up