Шинэ улс төрийн нам байгуулж байгаагаа тэрбумтан Илон Маск зарлав
АНУ-ын ерөнхийлөгчтэй харилцаа нь эрс муудсан тэрбумтан Илон Маск шинэ улс төрийн нам байгуулж байгаагаа Бямба гарагт өөрийн сошиал хуудсаар зарлажээ.
Америкийн Нам (American Party) гэж нэрлэсэн энэ улс төрийн хүчин АНУ-ын хоёр намын системийг эвдэж, Бүгд Найрамдах, Ардчилсан намуудын гол өрсөлдөгч болох зорилготой гэнэ. Гэхдээ шинэ намыг албан ёсоор бүртгүүлсэн талаар мэдээлэл ил болоогүй байна.
Бас намыг хэн удирдах, хэн үүсгэн байгуулалцаж буй талаар Маск дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Маск өнгөрч буй долоо хоногт АНУ-д шинэ улс төрийн хүчин хэрэгтэй эсэх талаар Х платформын хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж байв.
Өчигдөр тэр энэ талаар “Хоёр хүн тутмын нэг нь шинэ улс төрийн намыг хүсэж байна. Тиймээс та бүхэн шинэ намтай болох болно. Бид ардчилсан нийгэмд биш, нэг намын системд амьдарч байгаагийн улмаас манай орон хэрэггүй хог новшиндоо дарагдан дампуурч байна.
Өнөөдөр Америкийн Намыг та бүхэнд эрх чөлөөг тань буцааж өгөхийн тулд байгуулж байна” гэж бичжээ. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын гол ивээн тэтгэгч нь Маск байж, нийт $250 сая орчмыг зарцуулсан гэдэг. Трампыг ялсны дараа тэр төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан Doge нэртэй агентлагийг удирдаж байв. Гэхдээ Маск тавдугаар сард холбооны засаг захиргаанаас гарсныхаа дараа ерөнхийлөгч Трамптай түнжин хагарсан юм. Муудалцах болсон шалтгаан нь Трампын санаачилсан “Big, Beautiful Bill” хэмээх хуулийн төсөлтэй холбоотой байлаа. Энэ долоо хоногт хуулийн төслийг Конгресс дэмжиж, Трамп баталснаар хүчин төгөлдөр болсон юм.
Татвар бууруулж, зардлыг нэмэгдүүлэх агуулгатай энэ хууль ирэх арван жилийн хугацаанд АНУ-ын төсвийн алдагдлыг гурван их наяд гаруй доллароор нэмэгдүүлэх тооцоотой байна.









