Трамп, Маск нарын зөрчил хурцдаж, олны нүдэн дээр хэрэлдэж эхэллээ
Дэлхийн хамгийн баян хүн, дэлхийн хамгийн нөлөөтэй улс төрч хоёрын зөрчил хурцаджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварыг бууруулж, төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр өсгөх шинэ хуулийн төсөл санаачилсан нь технологийн тэрбумтан Илон Маскийг бухимдуулсан юм.
Маск дөнгөж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трампын засаг захиргаанд хашиж байсан төсвийн хэмнэлт хариуцсан агентлагийн тэргүүний ажлаа хүлээлгэж өгсөн. Тэрбээр өнгөрсөн оны сонгуульд Трампын хамгийн том хандивлагч болж, нийтдээ $250 гаруй саяыг зарцуулсан гэдэг.
Гэвч өнгөрсөн долоо хоногоос эхлэн Маск хэд хэдэн удаа Трампын санаачилсан хуулийг хурцаар шүүмжилж, харин Трамп ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй тэсэж байсан юм. Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Трамп анх удаагаа хариу барьж, тэдний хоорондын зөрчил ширүүссэн байна.
Өчигдөр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийнх нь санаачилсан “Big, Beautiful” гэж нэрлэгдэж буй хуулийн төслийг Маск шүүмжилсэнд гайхаж байгааг илэрхийлжээ. Энэ үеэр тэр Маскийн хандив өөрийг нь сонгуульд ялахад нөлөөлснийг үгүйсгэсэн байна. Дараа нь тэр Маскийг зөвхөн Тесла компанийнхаа ашгийн төлөө ингэж байгааг шүүмжлээд өмнөх засаг захиргааны үед цахилгаан автомашины худалдан авалтад үзүүлэх болсон татаасыг цуцлахаар сүрдүүлжээ.
Хариуд нь Маск сошиал хуудсандаа “Яасан ч хамаагүй” гэж бичсэн байна. Тэр цахилгаан автомашины татаасыг цуцлахаас айхгүй байгаагаа илэрхийлээд Трампын санаачилсан хуулиас болоод АНУ-ын өр эрс нэмэгдэх нь маш их аюултайг анхааруулжээ. Маск бас сонгуулийн хандивт нь талархаагүй Трампыг шүүмжилсэн байна.
Дараа нь бас Трампыг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жэффри Эпстайны хамсаатан гэж цолложээ. Үүний хариуд Трамп эрх мэдлээ ашиглан Маскийн компаниудын АНУ-ын засаг захиргаатай байгуулсан гэрээнүүдийг цуцлах, ерөнхийлөгч Байдены үед Маскийн бизнесүүдэд үзүүлсэн дэмжлэгийг мөрдөн шалгахаар сүрдүүлсэн юм. “Бид төсвөөсөө олон тэрбумыг хэмнэх хамгийн амархан арга бол Илоны засгийн газартай байгуулсан гэрээнүүд, татаасуудыг цуцлах юм” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. Үүний дараа Теслагийн хувьцааны ханш 14 хувиар унасан байна. Нөгөө талаар Маск ирэх онд болох Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан Намыг дэмжиж, Трампаас хариугаа авах магадлалтай юм. “Трамп ерөнхийлөгчөөр ажиллахад 3.5 жил үлдсэн. Харин надад 40 гаруй жил байна” гэж Маск сошиал хуудсандаа бичсэнээс ийм шинж тэмдэг ажиглагдаж байна.









