ОУОХ: Иман Хелиф олон жил тулалдсан “жинхэнэ хүн“, хүйсээ солиулаагүй
Парис-2024 олимпын наадмын боксын төрөлд 66 кг-ийн жинд хүч үзэж буй Алжир улсын тамирчин Иман Хелиф хүйсээ солиулсан эсэх тухай асуудал дэлхий нийтийг шуугиулж байна.
Тодруулбал өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бие махбодын шалгуур үзүүлэлтийн шинжилгээгээр түүний тестостероны хэмжээ өндөр гэж гарсан тул тэмцээнд орох эрхийг нь хасаж байв. Уг даавар нь аль ч хүйсний хүнд ялгардаг ч эрэгтэйчүүдэд 20 дахин илүү байдаг.
Гэхдээ эмэгтэйчүүдийн тав орчим хувьд нь энэ дааврыг ихээр ялгаруулах тохиолдол илэрдэг бөгөөд үүний 70 хувь нь Өндгөвчний олон уйланхайт хамшинжтэй холбоотой байдаг аж. Энэ үед хүний бэлгийн дааврын тэнцвэр алдагдах, арьс батгашиж үрэвсэх, эрэгтэй шинж давамгайлах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Энэ удаагийн олимпын наадамд Хелифт оролцох эрх олгосныг Олон улсын олимпын хорооноос мэдэгдсэн.
Үүний дараа шударга бус өрсөлдөөн гаргалаа хэмээн олон хүн шүүмжлэлтэй хандсан. Өчигдөр Хелиф Италийн тамирчин Анжела Каринитай тулалдсан бөгөөд Карини өөрийн хүсэлтээр тэмцээнээ ердөө 46 секундэд дуусгасны дараа энэ маргаан улам газар авав.
Карини “Би хамартаа хүчтэй цохиулсны улмаас маш их өвдөлт мэдэрсэн. Би тэмцээнээ дуусгаж чадаагүй” хэмээн ярьсан юм. Түүнээс тэмцээнээ дуусгаж байгаа нь өрсөлдөгчтэй нь холбоотой байсан уу хэмээн тодруулахад тэрбээр "Би энд хэн нэгнийг шүүх гэж ирээгүй.
Тамирчин хүн ийм нөхцөлтэй байгаа нь зөв эсвэл буруу гэдэг миний шийдэх асуудал биш. Би боксчин хүний хувьд хийх зүйлээ хийсэн. Би рингэн дээр гарч тулалдсан. Эцсийн мөч хүртэл нь дуусгаагүйдээ сэтгэл эмзэглэж байна" гэсэн юм.
Харин Олон улсын олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар "Өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг нь хассан ч олимпын наадамд тулалдаж байгаа хоёр боксчин нь олон жилийн турш өрсөлдсөн "жинхэнэ хүмүүс".
Хелифийн хувьд багаасаа боксоор хичээллэж буй бөгөөд өдгөө 25 настай тэрбээр 2019 оны эмэгтэйчүүдийн боксын ДАШТ, 2020 оны Токиогийн олимпод тус тус оролцож байсан.
Иман Хелифээс гадна 57 кг-ийн жинд өрсөлдөж буй Тайванийн тамирчин Лин Ю-Тин мөн ижил асуудлаар шүүмжлэлд өртөөд байгаа юм.