Камала Харрист 24 цагийн дотор $81 саяын хандив цугларч, дээд амжилт тогтоов
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены оронд нэр дэвшиж магадгүй байгаа Камала Харрис 24 цагийн дотор 81 сая ам.долларын хандив цуглуулж, дээд амжилт тогтоов.
Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны арваннэгдүгээр сард болох сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөрийнхөө оронд Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхийг дэмжинэ хэмээн мэдэгдсэн.
Камала Харрис нэр дэвших эсэхийг ирэх сард болох намын хурлаар шийдвэрлэх ч түүнд 24 цагийн дотор 81 сая ам.долларын хандив цугларсан нь нэг өдөр цугларсан хамгийн өндөр дүнтэй хандив болсон байна.
Сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампын хувьд 24 цагийн дотор 50 сая ам.долларын хандив цуглуулсан бол Жо Байден дөрвөн өдрийн хугацаанд 38 сая ам.долларыг цуглуулаад байсан юм.
Камала Харрис маш бага хугацаанд олон нийтээс их хэмжээний дэмжлэг авсан бөгөөд Дональд Трампын хүчтэй өрсөлдөгч байх болно хэмээн шинжээчид дүгнэж байна.
Харин Трамп Жо Байдены мэдэгдлийн дараа Камала Харрисыг Байденаас илүү амархан өрсөлдөгч байх болно гэсэн юм.