Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор Израил, Хамасын удирдагчдыг баривчлах хүсэлт гаргалаа

2024 оны 5 сарын 21

Arslan.mn

Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан Газын дайныг эхлүүлсэн болоод оролцогч талуудын удирдагчдыг баривчлах хүсэлтээ илгээсэн байна. Тэрээр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху, Батлан хамгаалахын сайд Ёав Галлант болон Палестины Хамас бүлэглэлийн удирдагчид болох Исмаил Хание, Яхья Синвар, Мохаммед Деиф нарыг дайн болон хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна.

Карим Хан Израилийн Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд нарыг Палестины энгийн ард иргэдийн эсрэг зохион байгуулалттайгаар халдан дайрсан, ард иргэдийг аллага, өлсгөлөнгийн бай болгож хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгажээ. Харин Хамасын удирдагчдыг үй олноор хүний амь насыг хөнөөсөн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, иргэдийг барьцаалсан зэрэг нь дайны гэмт хэрэгт тооцогдож байгааг Карим Хан дурдсан байна.

Мөн тэрээр хэн ч байсан олон улсын хууль дүрмийг даган мөрдөх ёстой гэдгийг мэдэгдэлдээ онцолсон. Ямар ч цэрэг, командлагч, удирдагч байсан хийсэн хэргийнхээ шийтгэлээс зугтах учиргүй гэдгийг хэлжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурорын гаргасан баривчлах хүсэлтийг аль аль талууд эсэргүүцэж хүлээж аваад байна. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху болон түүний Засгийн газар олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан нь антисемит буюу еврейчүүдийн эсрэг арьс өнгөний үзэл гаргалаа хэмээн буруутгалаа. Мөн энэ удаагийн баривчлах хүсэлт нь түүхэнд тэмдэглэгдэх алдаа дутагдалтай шийдвэр болж байгааг хэлсэн байна. Израил Хамасын террорист ажиллагааны хариуг барьсныхаа төлөө олон улсын гэмт хэрэгтэн болох учиргүй гэсэн утгатай мэдэгдлийг англи хэлээр хийж бичлэг болгон цацжээ.

Нэтаньяхугийн энэ мэдэгдлээрээ өөрсдийн байр суурийг дэлхийн улс орнуудад тэр дундаа АНУ-ын эрх баригчдад хүргэх зорилготой байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр Палестины Хамас бүлэглэлийн үйлдлийг Израилийн үйлдэлтэй харьцуулах боломжгүй учраас Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурорын шийдвэр байж боломгүй бүдүүлэг үйлдэл гэж үзсэн байна.

Хамас бүлэглэлийн хувьд ч мөн уг шийдвэрийг хохирогчдыг хүн амины гэмт хэрэгтнүүдтэй адилтгасан үйлдэл гэж үзсэн учир Карим Ханыг баривчлах хүсэлтээ буцаахыг шаардлаа. Мөн Израилийн арми, Засгийн газар олон мянган гэмгүй иргэнийг цаазалсны дараа бүтэн долоон сарын дараа баривчлах шийдвэр гаргасан нь хэт хожимдсон үйлдэл гэж буруутгасан байна.

Олон улсын эрүүгийн шүүх Израиль болон Хамас бүлэглэл, Палестины бусад зэвсэгт бүлгүүдийг Палестины иргэдийн оршин суудаг нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг судлахаар мөрдлөгөө 2021 онд эхлүүлсэн байна. Уг мөрдөн шалгах ажил өнгөрөгч оны аравдугаар сарын 7-нд Газад дайн эхэлснээс хойш илүү өргөн хүрээг хамарчээ. Хэрвээ Ерөнхий прокурор Карим Ханы хүсэлтийг хүлээж авбал Израилийн Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон Хамасын гол удирдагчид олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн 124 орны нутаг дэвсгэрт зорчсон тохиолдолд баривчлагдах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657078
0 эможи

keyboard_arrow_up