Франц улс 2,000 цэргээ Украинд илгээхээр төлөвлөж буйг Оросын тагнуулын албаны тэргүүн мэдэгджээ
Франц улс 2,000 цэргээ Украинд илгээхээр төлөвлөж буй тухай ОХУ-ын гадаад тагнуулын албаны тэргүүн Сергей Нарышкин өчигдөр мэдэгджээ.
“Францын цэргүүд Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох болно. Оросын ертөнцийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн франц хүн бүрийг илд хүлээж байна” гэж тагнуулын албаны вэб сайтад нийтлэгдсэн Нарышкиний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Уг мэдэгдлийн өмнөхөн Францын хуурай замын цэргийн штабын дарга, генерал Пьер Шилл тус улсын арми “хамгийн хүнд хэцүү тулаанд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.
Ингэхдээ тэр Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг шууд дурдаагүй ч “хямралын эх үүсвэрүүд өргөжиж, хамрах хүрээгээ тэлэх эрсдэл дагуулж байна” гэж анхааруулсан байна.
Үүнээс өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бас Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм.
Сүүлийн үед Украины хямралын асуудалд Макроны хандах байр суурь улам эрс хатуу болж байгаа.
Саяхан тэр Оросын ерөнхийлөгч Путинийг зөвхөн Украины биш, нийт Европын аюул занал гэж нэрлэж байв.
Франц улс 30 хоногийн дотор 20,000 цэрэгтэй дивиз гаргаж, бусад холбоотнуудтай хамтарсан 60,000 цэрэгтэй зэвсэгт хүчнийг бүрдүүлж чадахыг Пьер Шилл өчигдөр ярьсан юм.
Тус улсын арми 121,000 байнгын цэрэгтэй бөгөөд нэмэлтээр 24,000 нөөц хүчийг дайчлах боломжтой гэдэг.
Нарышкин мэдэгдэлдээ Францын 2,000 цэргийг Украинд илгээх нийт хүчний “эхний хэсэг” гэж тайлбарлажээ.
“Францын армийнхан ийм том ангийг мэдэгдэлгүйгээр Украинд илгээж, байрлуулж чадахгүй байх вий хэмээн болгоомжилж байгаа” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Эх сурвалж: AFP